Экологийн цагдаагийн албанд ажиллах хүсэлтэй иргэдийг шалгаруулах ажлыг эхлүүллээ
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 6-ны өдрийн хуралдаанаар Цагдаагийн байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн нэгж байгуулах шийдвэрийг гаргасан билээ.
Тус шийдвэр гарснаар цагдаагийн байгууллагад нийт 170 орон тоо шинээр нэмэгдсэн бөгөөд тус нэгж нь хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах үүргийг хүлээх юм.
Энэ хүрээнд
- Архангай, Баянхонгор, Булган, Дархан-Уул, Дорнод, Өвөрхангай, Өмнөговь, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий гэсэн 11 аймаг дахь Цагдаагийн газарт эрүүгийн мөрдөгч, мөрдөгчийг
- Байгаль экологийн хувьд эрүү, хэв журмын нөхцөл байдал хүндэрсэн, ойн сан бүхий болон хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, нөхөрлөл ихтэй дээрх аймгуудын нийт 74 суманд 78 байцаагчийг ажиллуулах болсон.
Иймд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын ахлагч албан тушаалын сул орон тоог нөхөх, нөөц бүрдүүлэх зорилгоор Дотоод хэргийн их сургуулийн Ахлагчийн сургуультай хамтран хэв журмын цагдаа, цагдаа-жолооч, эм зүйч, химич, биологич, экологийн мэргэжилтэн, дотоодын цэргийн байгууллагад жолооч, эргүүлчин, харуулчны ажлын байранд бакалаврын болон бүрэн дунд боловсролтой, хугацаат цэргийн алба хаасан, иргэдийг шалгаруулан суралцуулах ажлыг зохион байгуулахаар зарлажээ.
Дээрх ажлын байранд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага(тусгай шаардлагыг ЭНД дарж үзнэ үү)-ыг хангаж байгаа иргэд өрсөлдөхөөр бүртгүүлэх бөгөөд бүртгэл 2020 оны хоёрдугаар сарын 28-н хүртэл явагдах юм байна.