ШҮҮХ: Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн буруутайд тооцож, 6 сар ХОРИХ ЯЛААР шийтгэжээ
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн буруутгагдаад буй Б.Төгсбилгүүнд холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр болжээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.Төгсбилгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд:
Шүүгдэгч Б.Төгсбилгүүнийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, догшин авирласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсон байна.
Хуулийн заалт:
11.7 дугаар зүйл.Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх
1.Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга:
1.1.зодсон;
1.2.харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан;
1.3.хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эх сурвалж: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
|