Зээл аваагүй ахмадууд “Цагаан сараас өмнө 3 сая төгрөг олгох“-ыг шаардав
УИХ-ын чуулганы өнгөрсөн баасан гарагийн хуралдаанаар иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх хуулийг эцэслэн баталсан. Тус хуульд зааснаар зургаа хүртэлх сая төгрөгийн зээлтэй ахмадын зээлийг бүрэн төлнө. Энэ хэмжээнээс их зээлтэй ахмадын зээлээс зургаан саяыг нь төлнө. Зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн үнэт цаас олгох юм. Уг хуультай холбоотойгоор зарим ахмад нэгдэн зээлгүй ахмадуудын эрх ашгийг хамгаалах Түр хороо байгуулж буйгаа мэдэгдэж, өнөөдөр мэдээлэл хийлээ.
Ахмадуудыг ялгаварлан гадуурхаж, зээл авсан аваагүйгээр нь хоёр хуваан тогтоол гаргасанд бага тэтгэвэртэй ахмадууд гомдолтой байгаагаа хэлэв. Тиймээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэх гэнэ.
Зээл аваагүй иргэдийн эрх ашгийг хамгаалах түр хорооны ерөнхий зохицуулагч Ц.Эрдэнэбаатар “Бид түр хороогоо байгуулаад гурав хонож байна. Одоогоор түр хороонд 30 гаруй мянган зээл аваагүй ахмадууд нэгдээд байна. Бидний зүгээс зээл аваагүй ахмадуудад байгалийн баялгийг тэгш хуваарилж, гурван сая төгрөгийг сар шинийн өмнө олгох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр бэлдэж байна. Зээл аваагүй иргэдийн ихэнх хувь нь амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур амьдралтай байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ямар нэгэн тооцоо судалгаагүйгээр яаран ийм тогтоол гаргасанд ахмадууд гомдолтой байна. Зээл аваагүй олон мянган иргэд Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын даргад өргөдлөө бичиж, хүргүүлээд байгаа." гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|