Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний тэтгэмжийг 100 хувиар тооцон олгож эхэллээ
2020 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа эхийн шимтгэл төлөлт хуулийн дагуу тасрахгүй байх нөхцөл бүрдлээ. Хүүхдээ 3 нас хүртэл асрах чөлөөтэй байгаа эхийн нийгмийн даатгалын шимтгэлийг дараах байдлаар төлөхөөр зохицуулсан.
Тухайлбал,
-Албан журмын буюу ажил хөдөлмөр эрхэлж байсан эхийн төлөх шимтгэлийг ажил олгогчоос;
-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн дагуу жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх нь үүссэн сайн дурын даатгуулагч эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг тэтгэмжийн даатгалын сангаас;
-Бусад эх шимтгэлийн 50 хувийг өөрөө төлсөн нөхцөлд 50 хувийг улсын төсвөөс хариуцан төлнө.
Шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцон төлөх ба хуулийн үйлчлэлд хүүхэд нь 3 нас хүрээгүй нийт эхчүүд хамаарна.
-Сайн дурын даатгуулагч эхийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг 100 хувиар тооцож олгоно
Хуулийн энэ зохицуулалтын дагуу 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн сайн дураар даатгуулагч эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчийн шимтгэл төлсөн 12 сарын орлогын дунджаас 100 хувиар тооцон олгож эхэллээ. /Өмнө нь 70 хувиар тооцдог байсан/
-Албан журмын даатгуулагч эх хүүхэд төрүүлэх бүртээ тэтгэмж авна
Ажил хөдөлмөр эрхэлж байсан буюу албан журмын даатгуулагч эхэд хуульд заасны дагуу хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаандаа дахин хүүхэд төрүүлэх бүрт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно. /Өмнө нь 2 удаа л олгодог байсан/
Мөн Даатгуулагч эх тэтгэмжээ хувийн данс руугаа шилжүүлэн авдаг боллоо.