2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар явагдаж байна
Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.7-д заасны дагуу төрийн жинхэнэ алба хаах хүсэлтэй иргэнийг сонгон шалгаруулах, нөөц бүрдүүлэх зорилгоор 2020 оны Төрийн албаны ерөнхий шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж товыг тогтоон, олон нийтэд зарлаад байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтад хамрагдах хүсэлтэй иргэдийг 2020.01.01-нээс 2020.01.30-ны хооронд бүртгэнэ. Харин Төрийн албаны шалтгалтыг 2020.02.07-ноос 2020.02.17-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Өмнө нь төрийн албанд сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагуудын захиалгын дагуу, ажлын байрны болзол шаардлагыг хангасан иргэдийг бүртгэж, төрийн албаны шалгалтыг зохион байгуулдаг байсан. Тэгвэл энэ удаад Төрийн албаны тухай шинэ хуулийн хүрээнд дээд боловсролтой иргэдийг ажил, мэргэжил, туршлага харгалзахгүйгээр бүртгэж, гурван үе шаттай шалгаруулалтыг зохион байгуулж, иргэдэд адил тэгш боломж олгож буйгаараа онцлогтой.
Төрийн албаны ерөнхий мэдлэгийн шалгалтад бүртгүүлсэн иргэд ерөнхий шалгалтын 55 онооны тестийг 60 минутад бөглөх бөгөөд 35 ба түүнээс дээш оноо авсан бол эхний шалгалтад тэнцэх юм байна. Харин үүний дараагаар монгол хэл, бичгийн 30 онооны шалгалтыг 30 минутад өгч, 20 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцсэнд тооцно. Эцэст нь удирдах ур чадварын буюу дүн шинжилгээний сорил болох 15 онооны шалгалт өгч, 10 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд тэнцэнэ.
Төрийн албаны шалгалтын нийлбэр дүнгээр 65 ба түүнээс дээш оноо авсан тохиолдолд шалгаруулалтад ТЭНЦСЭНД тооцогдож, нөөцөд бүртгэгдэх юм. Ийнхүү тэнцсэн иргэдээс төрийн албанд гарсан албан тушаалын сул орон тоог нөхөхдөө Төрийн албаны тухай хуулийн 3.1.4, Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14 дүгээр тогтоолоор баталсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.1-д заасны дагуу шийдвэрлэх юм байна.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс
|