Хахуулийн хэрэгт холбогдсон гаалийнхан АТГ-ын мөрдөгчдийг цагдаагаар шалгуулж байна
ГЕГ-ын Төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын даргаар ажиллаж байсан Б.Оюундэлгэр бусдаас хахууль авч, байцаагчийн албан тушаалд томилсон хэрэгт холбогдон АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгуулж, хэргийг нь шүүхээр нэг бус удаа хэлэлцсэн. Б.Оюундэлгэр, Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт холбогдох хэргийг эргэн сануулахад, Гаалийн ерөнхий газрын дүрмийн 4.8-д заасан ГЕГ-ын Захиргааны зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүйгээр Өмнөговь аймгийн Шивээхүрэн дэх Гаалийн газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэбаатарыг Замын-Үүдэд гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/313, Улаанбаатар хот дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч П.Дариймааг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын гаалийн улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/308, Буянт-Ухаа дахь Гаалийн газрын улсын байцаагч Ц.Батбилэгийг Улаанбаатар дахь Гаалийн газрын улсын байцаагчаар шилжүүлэн томилох тухай Б/348 дугаар тушаал гаргуулсны хариуд Б.Оюундэлгэр 2015 оны наймдугаар сарын 11-нд Ж.Баттогтох, Л.Оргилмаа нараар дамжуулан Г.Эрдэнэбаатараас нэг сая, 2016 оны долдугаар сарын 29-нд Ц.Батбилэгээс 500 000 төгрөгийн хахууль авсан гэх хэрэгт холбогдсон билээ. Уг нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Оюундэлгэрт нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жилээр хасан, 15 сая төгрөгөөр торгох ял шийтгэсэн. Ц.Батбилэг, Г.Эрдэнэбаатар нарт хоёр жилийн хорих ял оноож, түүнийгээ мөн хугацаагаар тэнсэн харгалзахаар шийдвэрлэж байсан юм.
Анхан шатны шүүх хэргийн холбогдогч нарт ийнхүү ял шийтгэдэг ч давж заалдах болон хяналтын шатны шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасаар эцэслэн шийдвэрлэхгүй байгаа гэх. Хамгийн сүүлд л гэхэд Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын хяналтын шатны шүүх хурлаар 2019 оны арваннэгдүгээр сарын 20-нд хэлэлцээд хэргийг прокурорын хяналтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Үндэслэл нь уг хэргийн холбогдогч Б.Оюундэлгэр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд “АТГ-ын мөрдөгч эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн” хэмээн гомдол гаргаснаас болсон юм байна. Энэ гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. Өдгөө тэдний гомдлын дагуу Мөрдөн байцаах албаны Тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн сурагтай. Ийнхүү уг хэргийг нааш цааш нь шилжүүлж, байцаасаар хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах аргыг өмгөөлөгч, хэргийн холбогдогчид, тэдний танил тал шүүгчид хэрэглэж буй гэх хардлага байгааг албаны хүн хэллээ. Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, цагаан захтнуудын хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинэчлэхээр болж буй. Гэвч Эрүүгийн хуулийн 1.9-д “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ. Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, ногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан авлигачдын хэргийг хэрэгсэхгүй болгох магадлал өндөр. Тийм хэргүүдийн дунд гаалийн дээрх албан тушаалтнуудын хэрэг багтахаар байна.
Тэгэхээр Эрүүгийн хуулийн 1.9 дэх заалтыг үндсээр нь өөрчилж байж л хөөн хэлэлцэх хугацаа гэх ял завших арга үгүй болох юм. Эс тэгвээс хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас авлигачид мултарсаар байх бололтой.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин