Ховор амьтан, түүний эд эрхтэн тээвэрлэж явсныг илрүүлэн автомашиныг саатууллаа
2020 оны 01 дүгээр сарын 09-ний өглөө 07:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн харьяат иргэн Н “Ховор амьтан”-ны жагсаалт /Монгол улсын Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан/-д орсон “тул” загас 3 ширхэг, “халиун буга”-ийн эд эрхтэн болох чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлэн тул загас болон бугын чивийг түр хураан авч Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар хүлээлгэн өглөө.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 24.5-ийн 1 дэх хэсэгт “... ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.
Ховор, нэн ховор амьтдын тоо толгой сүүлийн арав гаруйхан жилд 70-90 хувь огцом буурч байна. Ховор амьтнаар ч зогсохгvй элбэг гэж vзэгддэг агнуурын ач холбогдолтой амьтад тарвага, цагаан зээр зэрэг амьтдын тоо толгой ч цөөрсөөр байна.
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН НИЙТИЙН ХЭВ ЖУРАМ ХАМГААЛАХ,
ОЛОН НИЙТИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЛБАНЫ
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ХЯНАЛТЫН ХЭЛТЭС