Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн гэж үзлээ
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар нэгдүгээр сургуулийн захирал асан Г.Бум-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу өнөөдөр /2020.01.08/ хэлэлцжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдөр хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнийг нийтийн албан тушаалтан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхийн тулд бусдаас хахууль авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12 сая төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Харин Ч.Мөнхбатыг хахууль авах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 10 сая төгрөгөөр торгох ял, А.Уянга, А.Баянмөнх, М.Бат-Эрдэнэ нарыг хахууль өгсөн, Г.Мөнхбаяр, О.Оюунтунгалаг нарыг хахууль өгсөн гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тус тус тооцож, тус бүр нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 сая 700 мянган төгрөгөөр торгох ял шийтгэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.
Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Г.Бум-Эрдэнэд оногдуулсан ял хөнгөдсөн талаарх прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзэн хүлээн авч, Г.Бум-Эрдэнэд холбогдох хэргийг тусгаарлан анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
Харин бусад шүүгдэгч нарт анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан ялыг хэвээр үлдээлээ.
Эх сурвалж: УДШ
|