Гэртээ цоожлуулж, осгох шахсан хүүгийн ээж олдоогүй байна
Төр бяцхан иргэнээ анхаарч, хянадаг болоё
Хоёр настай хүү гэртээ ганцаараа нэг хоног цоожтой байсны улмаас осгож, хөл, гарын хуруу нь хайрагдаж, эмнэлэгт хүргэгджээ. Тодруулбал, энэ сарын 4-нд Дорнод аймгийн Хэрлэн суманд амьдардаг хоёр настай, эрэгтэй А хэмээх хүүг харгалзах хүнгүй, ганцааранг нь цоожилж үлдээсэн байна. Үүнээс болж хүүгийн гар болон хөлний хэсэг нь хайрагдаж, осголтын байдалтай аймгийнхаа нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна. Одоогоор хүүгийн биеийн байдал хэвийн Дорнод аймгийн Асрамжийн газар байгаа аж. Энэ талаар аймгийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын газрын хүүхэд хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Нэргүйгээс тодруулахад “Хүүгийн ээж А нь хүүхдээ өөрийн ээжид үлдээгээд хөдөө явсан. Харин энэ үеэр нь түүний төрсөн эгч хүүг гэртээ аваачсан юм билээ. Тэрбээр энэ сарын 4-ний орой найзтайгаа хамт гэрээсээ гарахдаа хүүг харгалзах хүнгүй, үлдээгээд явсан нь тогтоогдсон. “Найзтайгаа хамт согтууруулах ундаа хэрэглэсний улмаас гэртээ хоноогүй. Нөхрийгөө харьчихсан гэж бодоод, тэндээ хоносон” гэж мэдүүлсэн. Үдээс хойш 15.00 цагийн үед гэрээсээ гарсан талаар хэлсэн. Мөн тус эмэгтэй хоёр хүүхэдтэй бөгөөд хүүхдүүд нь хадам аав, ээжийнд нь байсан юм билээ. Тэднийх гэрт амьдардаг. Тэр орой галаа түлээд гэрээсээ гарсан гэсэн. Азаар хүү даарснаас өөр аюулд өртөөгүй.
Хажуу талын айлынхан нь 09.00 цагт цагдаагийн байгууллагад мэдээлж, дуудлага өгсөн. Хэрэв үүнээс жаахан удсан бол хүү аюултай байдалд орох байсныг албаныхан хэлсэн. Хүү даарсны улмаас бие нь хөхөрч, гар, хөл нь хайрагдаж улайснаас өөр ноцтой зүйлгүй. Биеийн байдал нь хэвийн, хэвтэх шаардлагагүй гээд эмнэлгийн байгууллагынхан хүүг аймгийн Хүүхэд, залуучуудын хөгжлийн төвд хүлээлгэн өгчээ. Хүүгийн ээж одоо хүртэл сураггүй, хаана яваа нь тодорхойгүй байна. Эгч нь хөдөө ажил хийхээр явсан л гээд байгаа. Тухайн ээжид хариуцлага хүлээлгэхийн хувьд хүлээлгэнэ. Ямар хариуцлага хүлээлгэх нь одоогоор тодорхойгүй байна. Нөхцөл байдал, шалтгааныг нь бүрэн тогтоогоогүй учраас сайн хэлж мэдэхгүй байна. Хэрэг бүртгэл нээн, хэргийг шалгаж байгаа” гэлээ. Харин Дорнод аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн төвийн хүүхдийн эрхийн байцаагч Д.Цэрмаа “Хүүг холбогдох байгууллагаас хүлээж аваад асрамжийн газар, аюулгүй орчинд байлгаж байна. Асран хамгаалагч нь одоогоор ирээгүй байгаа. Энэ хүүхэд манай төвд бүртгэлтэй, айлын ганц хүүхэд. Хүүгийн аав одоогоор тодорхойгүй байна. Өмнө нь манай аймагт ийм хэрэг гарч байгаагүй” гэсэн юм.
Хэдийгээр хүүгийн биеийн байдал хэвийн байгаа нь сайшаалтай ч, жаахан оройтож, хүний бараа харсан бол яах вэ гэж бодох төдий гол зурам. “Аав, ээж” гэхээс өөр тод үг хэлж чадахгүй хоёрхон настай бяцхан үр 19 цагийн турш ямар их даарч, аврал эрсэн бол гэхээс өр өвтгөм. Мөөмнөөсөө ч гарч амжаагүй Монгол Улсын бяцхан иргэн харанхуй шөнө, хүйтэн шалан дээр хоолойгоо сөөтөл, нулимсаа ширгэж, биеэ хөхөртөл гэрийнхээ хаалгыг онгойхыг хүлээж байжээ. Мөн өөрөө хаалгаа онгойлгох гэж бяцхан гараараа зөндөө түлхжээ. Даан ч тэр хаалга гаднаасаа хав дараастай, цоожтой. Төрсөн ганц үр нь насаараа тахир дутуу, бүүр цаашлаад амь насаа алдах ч байж магадгүй эрсдэлтэй байдалд орсон гэдгийг ч мэдэхгүй эцэг, эх нь одоо хүртэл таг чиг, алга. Ийм хариуцлагагүй аав, ээжид ямар арга хэмжээ авч, цаашид яах талаар хэрхэх вэ. Улаанбаатар хотод ийм хэрэг хэдэн зуугаараа тохиолддог. Хайхрамжгүй, эцэг, эх нэртэй хүн дүрстнүүд олон байгаа нь ч нууц биш. Харин хүн ам цөөтэй, нам гүм, тайван амгалан байдаг монголын хөдөөд хүүхэд хохирсон хэрэг шил, шилээ дараад л гарах болж. Хэргийн шалтгаан нь ердөө архины хамаарлаас болж гарсан байдаг. Сануулахад, Хэнтий аймагт өнгөрсөн сард хойд эцгийнхээ гарт хоёр настай хүү зодуулж, амиа алдаж, нэг ой гарантай хүүхэд сэхээнд орсон хэрэг гарсан билээ. Энэ хэрэг намжиж амжаагүй, бяцхан хүүгийн сүнс эх орноосоо холдож чадаагүй байхад дахин ийм хэргийн эх үүсвэр тавигдав. Хүний бяцхан үрийг “харна, хандана” гэж ээжээс нь авч үлдсэн эгч гэх бүсгүй найзтайгаа архи уусны улмаас хүү балрах шахав. Хүүхдийн заяа түшсэн болохоор азаар хүнд бэртсэнгүй үлдлээ. Гэхдээ цаашид энэ хүүг яах вэ... Аав, ээж нь хамт амьдардаггүй, ээж нь хүүхдээ хайхардаггүй олон хоногоор хаяж явдаг гэдгийг холбогдох албаныхан мэддэг баймаар. Мэддэг болоод л манай хамгаалтад байдаг гэсэн биз. Харин энэ бүх зүйл, эрсдэл үүсэхээс өмнө яагаад анхаарал, халамж тавьж, хамгаалалтад байгаа иргэнээ хайхарсангүй вэ. “Ниргэсэн хойно нь хашхирав” гэгчийн зүйл болов. Биеэ хамгаалж чадахгүй, орчлон хорвоотой дөнгөж танилцаж яваа бяцхан иргэдээ хэрхэн хамгаалах вэ, дарга нар аа. Биднийг дулаан гэрт дуг дойрондоо умбаж байх хойгуур хойч үе минь өвлийн тэсгим хүйтэнд, хөнжил бүүхэл хөлдөө ч гуталгүй шахам аврал хайж байж. Төр хүүхдээ хянадаг, анхаардаг болмоор байна.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин