ТЦА: Согтуу жолоочид мөргүүлсэн явган зорчигчийн биеийн байдал хүнд байна
Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигчийг мөргөж гэмтээсэн осол гарчээ.
Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдрийн оройн 22:00 цагийн орчимд СБД-ийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудал, Чингэлтэйн өргөн чөлөө, Номин худалдааны төвийн баруун замд Тоёота приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ /2.46 промилийн согтолттой/ хөдөлгөөнд оролцож, явган хүний гарцгүй газраар гарч явсан явган зорчигч 39 настай, эмэгтэйг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан байна.
Гэмтэл авсан явган зорчигч ГССҮТ-д хүргэгдсэн бөгөөд биеийн байдал нь нэлээд хүнд байгаа тухай ТЦА-аас мэдээлэв.
Иймд жолооч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхаарууллаа.