Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаанд Монгол Улсын харцага Б.Бат-Өлзий түрүүллээ
Монголчууд үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өдөрт зориулсан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх шигшмэл, чансаа өндөр 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат “Алдар” спортын хороо, Зэвсэгт хүчний 350-р ангийн бөх, улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, “Алдар” спортын хороо, Говийн хүчтэн бөхийн дэвжээний бөх улсын начин Ц.Одбаяр үзүүрлэлээ.
Ерөнхийлөгчийн нэрэмжит цом гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын харцага Б.Бат-Өлзийд Ерөнхийлөгчийн нэрэмжит цомыг гардуулан өгөв.