Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой тохиож байна
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ой тохиож байна.
1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжлөн түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм.VIII Богд Жавзандамба хаан ширээнд суусан 1911 оноос он тооллыг “Олноо өргөгдсөн”, улсын цолыг “Монгол”, Их хүрээг “Нийслэл хүрээ” хэмээн нэрийджээ. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал юм. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл болсон билээ.
Богд хааны ордон музей түүхэн тэмдэглэлт энэ өдөрт зориулж, эзэн хааныхаа түүхэн гавьяаг сурталчлан таниулах, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Энэ жилийн тухайд Богд хаант Монгол улсын төрийн далбааг мандуулж, Богд хаан болон Эх дагина Дондогдуламын сэнтийд хүндэтгэл үзүүлэх, төрийн гал голомтын бэлгэдэл болох тулганд хүндэтгэл үзүүлэх, Оройн дээд Богд хаан "Өчил..." үзэсгэлэнгийн нээлт, "Богд архив" цуврал эрдэм шинжилгээний бүтээлийн нээлт тус тус зохион байгуулагдана.
Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тухайд “Цагийг тохинуулагч залбирал” хурж, Монголын тусгаар тогтнолд VIII Богд тэргүүтэй лам нарын оруулсан
үүрэг, үнэ цэнийн талаар эрдэмтэн судлаачдын илтгэлийг толилуулах аж.
Мөн Буян-Ухаа спорт цогцолборт Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын 108 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр, шигшмэл 128 бөхийн барилдаан болно.