ШУУРХАЙ: ЦЕГ, ТЕГ-ын дарга нарт ГЕНЕРАЛ ЦОЛ ОЛГОХООР БОЛЖЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 12-р сарын 29-нд гурван хүнд генерал цол олгохоор өнөөдөр зарлиг гаргажээ. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав нарт генерал цол хүртээхээр болжээ.
С.Баатаржав нь Цагдан сэргийлэх дээд сургууль, ОХУ-ын Дотоод явдлын яамны удирдлагын академийг төгссөн. Эрх зүйч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй. ЦЕГ-ын дарга С.Баатаржав анх Төв аймгийн цагдаагийн газарт мөрдөн байцаагч, эрүүгийн төлөөлөгч, эрүүгийн ахлах төлөөлөгч, Сэлэнгэ аймгийн цагдаагийн хэлтэст Хөтөл тосгон дахь сум дундын цагдаагийн тасгийн дарга, Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт Эрүүгийн ажил эрхэлсэн дэд даргаар ажиллаж байсан. Сүүлд ЦЕГ-ын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар ажиллаж байсан. Цагдаагийн байгууллагын ажлыг шинэ шатанд гаргахад ихээхэн хувь нэмрээ оруулсан хэмээн үздэг аж.
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургуулийг төгсгөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр НАХЯ-ны УАХЕГ-т ажилтан, ахлах ажилтан, Токио дахь ЭСЯ-нд дипломат ажилтан, УАБХГ-ын Тамгын хэлтсийн орлогч, Гадаад тагнуулын албаны дарга, Токио дахь ЭСЯ-нд зөвлөх консул, мөн ЭСЯ-нд зөвлөх консулын хэлтсийн дарга, БНСУ-д суугаа Монгол Улсын бүрэн эрхт элчин сайдаар тус тус ажиллаж байжээ. Д.Гэрэл өмнө нь ТЕГ-ын даргаар 2012 оны дөрөвдүгээр сарын 18-нд томилогдож 2013 оны 5 дугаар сарын 18-ныг хүртэл ажиллаж байсан юм. Тэрбээр одоо ТЕГ-ын даргаар ажилладаг юм.