Г.Отгонтамир: Баянгол дүүрэгт зам тээврийн ослоор 2019 онд нэг ч хүүхэд амиа алдаагүй

2019 оны 12 сарын 27

Arslan.mn

Бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж байгаа тоо манай улсын хэмжээнд маш өндөр байдаг билээ.  Харин энэ жил буюу 2019 оны ажлын үзүүлэлт, дүнгээрээ Баянгол дүүрэг дэх Замын цагдаагийн газар, хэлтэс  дүүргийн тусгай чиг үүргийн байгууллага болон Тээврийн цагдаагийн алба дотроо шилдэг албаар тодорчээ.

Учир нь тухайн дүүргийн замын цагдаагийн осол аваар, эрсдэлийг бууруулах чиглэлд олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсан аж. Үүний үр дүнд зам тээврийн ослын улмаас гэмтсэн хүүхдийн тоо өмнөх онд 135 байсан бол 2019 оны байдлаар 84 болж 29.6 хувиар буурсан байна.

Энэ талаар Баянгол дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч Г.Отгонтамиртай хэлэхдээ:

-"Бид сургууль, цэцэрлэгийн багш, удирдлагуудтай хамтран “Ногоон гэрэл, цагаан шугам” замын хөдөлгөөний цагаан толгой зохион байгуулдаг бол ахлах ангийн сурагчдын дунд “Жолооч, та, бид” сэдэвт дэвжээ тэмцээнийг зохион байгуулж замын хөдөлгөөнд оролцох зөв дадал, хэвшлийг бий болгох чиглэлээр нөлөөллийн олон төрлийн ажил, арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд гэмтсэн хүүхдийн тоо буурч байна. Мөн нийслэл хотын зургаан дүүргийн хэмжээнд манай Баянгол дүүрэгт нэг ч хүүхэд зам тээврийн ослоор амь нас нь хохироогүй. Энэ маань ямар ч том шагнал авснаас илүү сайхан мэдээ. Тухайн дүүргийн нутаг дэвсгэрт байгаа иргэд маань осол аваарт өртөхгүй байна гэдэг хамгийн сайхан мэдээ. Осол аваарын бүх дуудлага мэдээлэл буурсан үзүүлэлттэй байгаа.

Мөн манай дүүрэг хүүхэд рүү чиглэсэн  асуудал дээр манай Замын цагдаа болон тухайн дүүргийн Засаг даргын тамгын газрын Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхантай маш олон төрлийн арга хэмжээ зохион байгуулж байна.

-Хүүхэд зам тээврийн осолд өртөөд байгаагийн гол шалтгаан нь юу байна гэж та харж байна вэ?

-Ер нь бол 2018 онд 135 хүүхэд гэмтсэний шалтгаан нөхцөлийг судлаад үзэхэд дүүргийн нутаг дэвсгэр дээрх 34 цэгт давтамжтайгаар хүүхэд осолд өртсөн байдаг. Энэ эрсдэлийн судалгааг байцаагч нартайгаа судлаад хэсэгчилсэн болон нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсан. Ер нь ихэвчлэн гэр хороолол түлхүү, хорооллын Хасбаатар, Ард Аюушийн гудамжнуудад осол гарсан байсан. Хүүхдүүд ихэнхдээ харгалзах хүнгүй явж байхдаа осолд өртдөг. Тэр хэсгүүдэд хүүхдийн цацруулагчтай төмөр самбар байршуулсан, хяналт шалгалт тавьдаг болсон. Хүүхэд тэр хэсэгт хараа хяналтгүй яваад байвал бид эцэг эхийг нь дуудаж арга хэмжээ авдаг болсон. Үүний үр дүнд осол аваар гараад байсан цэгүүд дээр хяналт тавиад ирэхээр яалт ч үгүй үр дүн мэдрэгдэж байгаа. 2019 онд гарсан осол аваар дээр бид дахиад л криминалоги судалгаа хийнэ. Тэгэхээр дахиад аль хэсэгт анхаарал хандуулах хэрэгтэй байгаа нь гараад ирнэ.

-Хүүхдээ хараа хяналтгүй явуулж байгаа эцэг, эхчүүдэд ямар хариуцлага тооцдог юм бэ?

-Эцэг эхчүүдэд зөрчлийн тухай хуулийн 13.7.54-т заасны дагуу 50 нэгжээр торгох торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. Аюулгүй тээвэрлэлт дээр 14.7.45-т заасны дагуу мөн адил 50 нэгжээр тооцож торгуулийн арга хэмжээ тооцож байгаа. Баянгол дүүргийн хэмжээнд явган зорчигч ба гарц гэсэн арга хэмжээ хийсэн. Нийслэл хотод осол аваарт өртөж байгаа хүмүүсийн зууны 80-90 хувь нь дандаа явган зорчигч байдаг. Иргэд маань гарц, гарамтай хэсгээр гараад сурчихсан. Хамгийн гол нь замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар маань анхаарал болгоомжгүй байна. Гарцаар гарч байгаа ч явган зорчигчид маань өөрсдийгөө давуу эрхтэй гэж үзээд машины урдуур ороод мөргүүлэх үзэгдэл бас их байдаг. Тэгэхээр үүнийгээ иргэд маань ялгаж, салгаж ойлгоосой гэж хүсэж байна. Бид дүүргийн нутаг дэвсгэр дээр зам тавьж өгөхгүй байгаа жолооч нарт зөрчлийн тухай хуулийн 14.7.38-т заасны дагуу 20 нэгжээр торгоод хоёр оноо хасах арга хэмжээ тооцож эхэлсэн" гэв.

Эх сурвалж: isee.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612073
0 эможи

Зочин
2019-12-28 06:58
Зочин
2019-12-27 14:51
Бусад дүүрэг нь туршлага судлах хэрэгтэй
Зочин
2019-12-27 12:33
ийм үзүүлэлтээр дүүргийгн засаг даргын ажлыг дүгнэж ажиллах хэрэгтэй
Зочин
2019-12-27 12:14
keyboard_arrow_up