Л.Амармөрөн: Энэ сард архины гүн хордлогоор 26, осгосон байдалтайгаар 23 хүн нас барсан
Цагдаагийн байгууллагаас баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажилладаг. Энэ жилийн хувьд “Шинэ жил” нэгдсэн арга хэмжээг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн зохион байгуулсан. Уг арга хэмжээний үед ямар төрлийн гэмт хэрэг дийлэнх хувийг эзэлсэн талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Арванхоёрдугаар сард согтууруулах ундааны хэрэглээ Улаанбаатар хотын хэмжээнд маш их нэмэгдсэн.
Улаанбаатар хотын эрүүлжүүлэх байранд энгийн өдрүүдэд 200-205 хүн эрүүлжүүлэгддэг бол шинэ жилийн баярын өдрүүдэд 300 гаруй хүн өдөрт эрүүлжүүлэгдэж байна.
Цэнгээний газрын тарах цагаар өдөр шиг хөдөлгөөн үүсч, автомашины түгжрэл үүсдэг. Хүүхдийн 100 орчимоор хэд хэдэн том баарны үүдэнд түгжрэл үүсч байна.
Нийслэлийн хэмжээнд арванхоёрдугаар сар гарсаар 2623 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Өмнөх онтой харьцуулахад гэмт хэрэг 630 буюу 19.4 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Хулгайлах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд 10-20 хувиар буурсан байна.
Гэвч халаасны хулгайн гэмт хэрэг хүний амь бие, эрүүл мэндэд хохирол учруулах, зодож гэмтээх тохиолдол нэлээдгүй бүртгэгдэж байгаа" гэв.
Тиймээс цаашид шинэ жилийнхээ баярыг тэмдэглэж амжаагүй аж ахуй нэгж байвал хамт олондоо тавих анхаарлаа сайжруулах шаардлагатай. Мөн хамт олноороо баяр тэмдэглэчихээд нэгнээ хүргэж өгдөггүй, хоорондоо зодож маргалддаг. Улмаар харих замдаа осгож нас барах тохиолдол бүртгэгдсээр байгаа аж.
Энэ сард халаасны хулгайн 86 гэмт хэрэг бүртгэгджээ. Иймд зах худалдааны төвөөр баярын ширээний хүнсээ бэлтгэхээр явахдаа анхаарал болгоомжтой, сонор сэрэмжтэй үйлчлүүлэхийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Тухайлбал арванхоёрдугаар сар гарсаар 23 хүн осгож, хөлдж нас барсан байна. Мөн архины гүн хордлогын улмаас 26 хүн амиа алджээ. Иймд гудамж талбайд ухаангүй байдалтай хэвтэж байгаа хүнтэй таарвал яаралтай эмнэлэг болон цагдааагийн байгууллагад мэдээллийг шуурхай хүргэхийг зөвлөлөө.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|