MICHEAL: “Англи хэл“-ийг бүрэн эзэмшихэд сайн багшаас гадна дараах хүчин зүйлс чухал нөлөөтэй

2019 оны 12 сарын 26

Энэ удаагийн ярилцлагын зочноор Michiel Acke, С.Оюун, А.Банзрагчгарав нарыг урьж “Хэрхэн хэл сурсан бэ” сэдвээр чөлөөтэй ярилцлаа. Michiel Acke бол мультмедиа дизайнер бөгөөд зургаан орны хэлээр чөлөөтэй ярьдаг, олон улсын TEFL/TESOL зэрэгтэй мэргэжлийн англи хэлний багш юм. С.Оюуны хувьд найман настайгаасаа хойш Нидерланд улсад ажиллаж, амьдарч байгаад эх орондоо саяхан ирсэн бөгөөд мөн л таван улсын хэлээр ярьдаг, хэл сурах сонирхолтой TEFL/TESOL зэрэгтэй мэргэжлийн англи хэлний багш аж. Харин А.Банзрагчгаравын хувьд хятад, франц, япон хэлийг сонирхон судалдаг, Ariya English сургалтын төвд англи хэл заадаг багш юм.

Бидний ярилцлага “Та англи хэл сураагүй байсан бол ямар байх байсан бэ. Төсөөл дөө” гэдэг асуултаар эхлэв. С.Оюун, “Би англи хэл сураагүй байсан бол маш сайхан боломжуудыг алдах байсан. Хамгийн дуртай киногоо үзэж чадахгүй, хамгийн дуртай дуугаа сонсоод ойлгож чадахгүй. Бас хүмүүсийн ямар их ялгаатай байдгийг мэдэж чадахгүй. 3 сая хүний хэлээр ярьдаг байх олон улсын хүмүүсийн ярьдаг хэлийг мэддэг байх их ялгаатай” гэсэн юм. Харин “Хэл хэрхэн сурсан бэ” гэдэг асуултыг гурван зочноосоо асуухад гурвуулаа ижилхэн юм шиг хэрнээ өөр,  өөр хариултыг өглөө. Тэдний санал нэгдсэн зүйл нь хичнээн сайн багш, ямар сайн ном байлаа гээд хэлийг эзэмшихэд хангалтгүй. Нэгдсэн нэг жор байхгүй бөгөөд хүн бүр өөр өөрийн сурах арга барилаа олох ёстой гэсэн юм. Ингээд гурван багшийн ярилцлагаас хүн бүрт хэрэг болохуйц санал нэгдсэн ойлголтыг түүвэрлэн авч дараах зөвлөгөөг бэлтгэлээ.

Алдаа гарга

Хүүхдэд хэн ч ном бариад Present Simple гэж энэ юм шүү гэж хэлдэггүй. Багшийн самбар дээр бичсэн дүрмийг дэвтэр дээрээ бичиж байгаад түүнийгээ хараад ярьж эхэлдэггүй. Хүүхэд зөв ч бай, буруу ч бай өөрийнхөөрөө ашиглаж, хэрэглэсээр байгаад сурчихдаг. Хүн нас ахих тусмаа хэл сурах чадвар нь алдаа гаргахаас айдагтай холбоотой юм. Хэн нэгэн намайг тэнэг гээд бодчих вий дээ, хэн нэгэн намайг ярьж чаддаггүй гээд мэдчих вий дээ гэж бодоод байвал хэзээ ч хэл сурахгүй. Та алдаа гаргахгүй л бол сурахгүй.  Яг хүүхэд шиг, АЛДАА ГАРГА. Энэ маш чухал. Бид алдаа гаргах нь маш муу зүйл гэж боддог. Гэхдээ мэдээж үгүй. Үүнийг ингэж харах хэрэгтэй. Хэрвээ та дугуй унаж сурах гэж байвал та есөн удаа бүтэлгүйтнэ. Арав дахь удаагаасаа тэнцвэрээ олж, дугуйн дээрээ амжилттай явж чадна. Та хэл сайн сурж чадахгүй байна гэдэг та алдаа гаргахгүй байна л гэсэн үг.

Хүсэл эрмэлзэлтэй бай

Гадаад хэл сурч байх үедээ хүсэл тэмүүлэлтэй байх хэрэгтэй. Хүсэл тэмүүлэлгүйгээр та тийм ч хол явж чадахгүй. Тэгэхээр яагаад гадаад хэл сурахаар болсон талаар тодорхой шалтгаан хэрэгтэй. Энэ нь таныг тийм ч амархан бууж өгөхгүй байлгах юм. Гадаадад суралцах, дэлхийн нөгөө талд найзтай болох, ажилдаа амжилт гаргах гэх мэт. Дээрх шалтгаан нь таныг шинэ хэл сурах аялалд тань хөдөлгөх хүч нь байх юм. Мөн хэцүү санагдсан үед тань яагаад гадаад хэл сурч байгаа билээ гэдгийг тань сануулах юм.

Ач холбогдолтой байх

Гадаад хэлийг сурч эхлэхдээ ач холбогдолтой талыг нь бодолцох хэрэгтэй. Та анагаахын чиглэлээр суралцдаггүй л бол шууд зүрхний мэс засал хийх тухай, эсвэл улс төрөөр мэргэшээгүй бол парламенттай хэрхэн харилцах зэргийг судалж эхлэх хэрэггүй. Өөрийнхөө мэдэх шаардлагатай зүйлс дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Жишээ нь зоогийн газарт хэрхэн захиалга өгөх, галт тэрэгний тасалбар худалдан авахад хэрхэн ярилцах гэх мэт. Эдгээр нь хэрэгцээтэй төдийгүй, бас яваандаа хэрэглэж болохуйц мэдлэг байх юм.  Нэг ангид маш олон хүүхдүүд хамтдаа суугаад ижилхэн сэдвийг судлаж байна гэхээр уйтгартай. Хүн бүрт өөрийн сонирхдог зүйл бий. Жишээлбэл С.Оюун үргэлж телевизийн нэвтрүүлэг үздэг. Харин А.Банзрагчгарав монгол орчуулгатай номыг сурах гэж байгаа хэлтэйгээ харьцуулан уншдаг. Монгол, англи хэл дээр харьцуулан уншдаг гэсэн үг. Michiel сурсан үгээ, өгүүлбэрээ шууд л ашиглахыг оролддог. Алдаа гаргасан ч хамаагүй ярихыг хичээж, хүмүүстэй харилцахыг эрхэмлэдэг. Хүн бүрийн сурах арга барил өөр. Хүн бүрийн хувьд ач холбогдолтой зүйл нь өөр. Бид багшлахдаа хамгийн дээд тал нь зургаан хүний бүрэлдэхүүнтэй л анги бүрдүүлдэг. Тэгээд хэл сурах орчинг, алдах боломжийг, ач холбогдолтой зүйлд төвлөрөх цаг хугацааг өгч чиглүүлж, өөрийнх нь арга барилыг олоход тусалж заадаг.

Хэрэглэ

Гадаад хэл сурч байх үед нэг чухал зүйл бол түүнийгээ тасралтгүй хэрэглэх юм. Ингэснээр таны тархинд үлдэнэ. Жишээ нь утасныхаа хэлийг англи хэл дээр тохируулах, аль болох англиар ярих гэж оролдох, англи хэл дээр кино үзэх, англи дуу сонсох гэх мэт. Бас англиар зурвасаар харилцах зэргээр цахим орчинд англи хэлийг хэрэглэж байж болох юм. Аль болох л их хэрэглэж, их сонсох тусам илүү сайн санаж, илүү сайн ойлгох болно. Таньд хэл сурах орон зай, хэрэглэх боломж олдохгүй бол Ariya сургалтад хамрагдаж болно. Англи хэлээр унших ном, үзэх кино, хоорондоо чөлөөтэй найзууд шиг харилцах боломж, хамгийн ихдээ зургаан хүний бүрэлдэхүүнтэй танхимын сургалттай гэдгээрээ онцлог. Цөөн хүнд чанартай заахыг эрхэмлэдэг болохоор манайх тийм ч идэвхитэй зар сурталчилгаа явуулаад байдаггүй. Мөн дүрмийг самбар дээр бичээд цээжлээрээ гээд өнгөрөх биш хүн бүрийн хувьд ямар арга барил зохих вэ, хэрхэн хэрэглэвэл энэ хүнд үлдэх вэ гэдгийг нь тодорхойлж, түлхэж, чиглүүлж өгдөг гэж болно. Гэхдээ манай сургалтыг сонгохгүй байсан ч гэсэн хэл сурах гэж байгаа бол аль болох өөрт хэрэгтэй сургалтыг сонгоорой хэмээн А.Банзрагчгарав хэлсэн юм.

Тууштай байх

Хүний тархи одоог хүртэл бүрэн тайлагдаагүй   хэвээр байгаа бөгөөд бидний одоогоор мэдэх зүйл бол суралцах эрчим нь суралцах хугацаанаасаа илүү чухал юм. Та хэлийг 10 жилийн турш 2 долоо хоногт 1 өдөр сурч болох ч та юу ч санахгүй л болов уу. Үр дүн ч нь удаж байж гарна. Хэрэв та сургалтанд хамрагдаж богино хугацаанд анхаарлаа төвлөрүүлж хэлээ судлавал энэ нь үр дүн сайтай байх болно. Зүгээр л шууд дайр гэсэн үг юм.

Түгээмэл үг хэллэгээс эхлэ

Түгээмэл үг хэллэгээр эхлэх нь их чухал. Тийм ч учраас сүүлийн үед үгсийн сангийн сургалтууд их түгээмэл болсон. Та тухайн хэлээр чөлөөтэй ярьдаг байх албагүй, харин зөв үгээ л мэддэг байх хэрэгтэй.

Бас гадаад хэл сурахын нэг хөгжилтэй зүйл нь та их үг мэдэх тусмаа нэг их хүчин чармайлт гаргалгүй сурч болно.

Хэрвээ та гадаад хэл дээр нэг өгүүлбэр уншаад аль ч үгийг нь мэдэхгүй байвал тэр өгүүлбэр бүхлээрээ нууцлаг тааварлашгүй зүйл болж орхино. Хэрвээ таны уншсан гадаад өгүүлбэрийн дөрвөн үгийг нь мэддэг байлаа гэж бодоход та тухайн өгүүлбэрийг ойлгохын тулд үлдсэн үгс дээр нь ажиллах юм. 

Хөгжилд

Хамгийн чухал зөвөлгөө бол: Хөгжилд! Хөгжилтэй зүйл байхгүй бол яг л найрал дуу мэт уйтгартай байх болно. Хэн ч найрал дуунд дуртай биш шүү дээ. Шинэ гадаад хэл нь танд эцэс төгсгөлгүй их боломжуудыг олгох болно гэдгийг бодоод үзээрэй. Бас өөр өөр орны, өөр соёлын, өөр туршлагатай хүмүүстэй ярилцах боломжтой болно гээд боддоо, үнэхээр хөгжилтэй биш гэж үү. Найз нөхдүүдтэйгээ чөлөөтэй ярилц. Хэрэв сургалтанд хамрагдах гэж байгаа бол дарамт мэдрүүлдэг биш илүү сурах хүсэл эрмэлзэл өгөхийг нь сонгох хэрэгтэй. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
612019
0 эможи

болормаа
2023-04-07 10:39
гоё
Зочин
2019-12-26 20:07
Зочин
2019-12-26 15:21
keyboard_arrow_up