ШҮҮГЧ нарыг АВИЛГЫН өөр хэрэгт шалгаж байна
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгах болсон билээ. Тэднээс Салхитын мөнгөний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигчдийн маргааныг шийдвэрлэхдээ хээл хахууль авсан гэх үйлдэлд Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Д.Цолмон, Г.Цагаанцоож, Ц.Амарсайхан, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал нарыг буруутган яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т хүргүүлээд багагүй хугацаа өнгөрч байна. Тэдэнд холбогдох хэргийг удахгүй Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэхээр бэлтгэж буй гэх мэдээлэл эх сурвалжууд өгч байгаа. Харин үлдсэн 11 шүүгчээс ямар нэг гэмт хэрэгт холбогдолгүй нэг бус хүн байгаа бол үндэслэлгүй хөрөнгөжсөн хэрэгт цөөнгүй нь шалгуулж буй билээ. Тодруулбал, Гавьяат хуульч, ШЕЗ-ийн гишүүн асан Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг дээрх үндэслэлээр шалгах болсон.
Тэгвэл тэднээс гадна бусдаас хээл хахууль авсан өөр хэргүүдэд хэд хэдэн шүүгчийн холбогдуулан шалгаж байгааг эх сурвалжууд баталлаа. Тухайлбал, тэдний дунд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяатын нэр ч дуулдаж буй юм. Түүнчлэн ОХУ-аар дамжин АНУ-ыг зорьсон, нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбатыг ч хээл хахуулийн хэрэгт буруутгах үндэслэл тогтоогдож байгаа талаар эх сурвалжууд хэлэв. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард АНУ-д очсон ч хил дээр нь Цагаачлалын албаныханд саатуулагдаж, тус улс хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасны дараа хууль сахиулах байгууллагадаа шилжүүлээд буй билээ. Өдгөө түүнийг эх оронд нь шилжүүлэхээр АНУ-ын тал манай хууль сахиулах байгууллагынхантай хамтран ажиллаж байгаа юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж. Өнөөдөр сонин