Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын ХҮҮХДҮҮДЭД шинэ жилийн бэлэг гардууллаа
Хуучин оноо үдэж шинэ оноо угтах торгон мөчид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг ханган гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн үүргээ гүйцэтгэн ажилладаг цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын хүүхдүүдэд Монгол цэргийн нэгдсэн холбооноос шинэ жилийн бэлэг гардуулах арга хэмжээ өнөөдөр /2019.12.23/ Сүлд чуулгын концертын танхимд зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Болд, Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллагын төлөөлөл, цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын удирдлага, алба хаагчид тэдний гэр бүлийн гишүүд, хүүхдүүдийн хамт оролцлоо.
Монгол цэргийн нэгдсэн холбооноос бизнесийн байгууллага, сайн санаат иргэдийн тусламжтайгаар Шинэ жилийн баярын өдрүүдэд хуваарийн дагуу үүрэг гүйцэтгэж, ар гэрийнхэнтэйгээ баяраа тэмдэглэх боломжгүй болсон цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын нийт 180 хүүхдэд шинэ жилийн бэлэг гардуулсан бөгөөд арга хэмжээний үеэр өвлийн өвгөн аав, цасан охиноо дагуулан ирж бяцхан багачуудын баяр дээр баяр нэмж, Сүлд чуулгын алба хаагчид урлагийн тоглолтоор бэлэг барьсан юм.
Эх сурвалж: ЦЕГ
|