Барилгын засал хийж байгаад лифтний хонгилд унаж нас баржээ
Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах Американ дэнжийн хажууд шинээр баригдаж байгаа барилгын цахилгаан шатны хонгилд нэг хүн унаж нас барсан хэрэг гарсан байна.
Тодруулбал, уг хэрэг арван хоёрдугаар сарын 19-ний өдөр гарсан гэх бөгөөд тухайн барилгын ажилчид тэнд хүн унасныг бас л мэдээгүй байсан гэх. Хэргийн газрын үзлэг шинжилгээгээр, тухайн барилгын туслах ажилтан болох Хэнтий аймгийн Эрдэнэцагаан сумын харьяат эрэгтэй 33 настай Н.Б нь тус барилгын лифтний хонгилд унаж нас барсан байжээ.
Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, барилгынхан хөдөлмөр хамгааллын журам зөрчсөн бөгөөд тухайн туслах ажилтнаа алга болсныг мэдээгүй байж байгаад хонгилд нас барсан байсныг олсон юм байна.
Амь хохирогч нь тухайн барилгын хоёр давхарт дотор засал хийж байгаад унаж нас барсан аж. Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэргийг мөрдөн шалгаж байгаа аж.