Цагдаагийн байгууллагаас энэ жил УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ чиглэлээр НАЙМАН АЯНЫГ амжилттай зохион байгуулжээ
Цагдаагийн байгууллагаас гэмт хэргээс сэргийлэх чиглэлээр хийж буй ажлаа өнөөдөр танилцууллаа.
Цагдаагийн байгууллагаас энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр найман аяныг амжилттай зохион байгуулжээ.
Энэ талаар ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр “Монгол Улс хүн ам цөөхөн ч олон нийтийн сүлжээ ашиглалтаараа Азидаа нэгт ордог. Иймээс хууль эрх зүйн мэдлэгийг олон нийтэд түгээх тодорхой ажил арга хэмжээг явуулахдаа бид иргэдийн хандлагыг өөрчлөхийг зорьсон. Тиймээс 2019 онд цахим орчинд дараах чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг явуулсан.
Тухайлбал,
- Хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ТА СЭРГИЙЛЖ ЧАДНА”
- Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “НЭГ ХОРОМ "
- Залилан мэхлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЗАЛИЛАН ”
- Байгаль орчны гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “БАЙГАЛИА ХАМГААЛЪЯ"
- Хөдөлгөөний аюулгүй байдал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЯАРААД ЯАХАВ ДЭЭ ", “ДУРААРАА БИШ ДҮРМЭЭРЭЭ ”
- Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр “ЗӨВ ТУСГАЛ ”
- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр “ОЙЛГОЁ, ХҮНДЭЛЬЕ" зэрэг арга хэмжээг зохион байгуулсан.
Бидний явуулсан ажлуудад олон нийт, төрийн болон төрийн бус бүхий л байгууллагууд, сэтгүүлчид идэвхтэй оролцсонд баярлаж байна. Ирэх онд мөн сэтгүүлчидтэйгээ хамтран ажиллаж, үүнээс илүү үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна” гэв.
Мөн энэ үеэр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсныг ЦЕГ-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр хэлэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|