Багачуудын хоол нийлүүлэгчдээс ХАХУУЛЬ авсан гэх ДАРГЫН ХЭРГИЙГ дахин шалгуулна

2019 оны 12 сарын 20

Arslan.mn

Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэгүүдийг хүнсээр хангаж байдаг нийслэлийн өмчит таван газрын нэг болох Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Өсвөр үе хүнс” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргаар ажиллаж байсан, өдгөө Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж буй Б.Наранчулуунд холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцээд дахин шалгуулахаар прокурорын байгууллагад буцаав.

Б.Наранчулуун даргыг, менежер Б.Хулангийн хамт 2016 оноос АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгасан бөгөөд цэцэрлэгийн жаалуудын хоол, хүнс нийлүүлэгчдээс хахууль авсан хэрэгт буруутган НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн өмнө нь нэг бус удаа гэм бурууг нь дэнслүүлэхээр шилжүүлж байсан ч шүүхээс хэргийг нь буцаасаар байгаа юм.

Магадгүй хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгахын тулд элдэв арга саам хийж байж ч болох. “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын дарга Б.Наранчулуун, ерөнхий нягтлан бодогч Н.Ариунболд, менежер Б.Хулан, түгээлтийн нярав Т.Энхтуяа нарыг албан тушаалаа ашиглан нэр бүхий аж ахуйн нэгжүүдээс төмс хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүн худалдан авахдаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр гэрээ байгуулж, бусдаас хээл хахууль авсан хэмээн анх шалгасан бөгөөд мөрдөн байцаалтын явцад дарга, менежер нараас бусад хоёр хүний үйлдлийг хэрэгсэхгүй болгосон аж.

Улмаар Б.Наранчулуун, Б.Хулан нарт прокуророос Эрүүгийн хуулийн 22.4-4 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд, эсхүл хэрэгжүүлэхгүй байхын тулд, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн, эсхүл хийхийн тулд шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тус шүүх тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн дөрөвдүгээр сард хэлэлцээд Б.Хуланг цагаатгаж, Б.Наранчулуунд нэг жил хорих ял шийтгэсэн билээ.

Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор тогтоож чадаагүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаасан юм.

Улсын дээд шүүхээс Б.Наранчулуунд холбогдох хэргийг түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хэргийг дахин шалгуулахаар НПГ-т хүргүүлэхээр болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр давж заалдах шатны шүүхээс “Өсвөр үе хүнс” ОНӨААТҮГ-ын менежер Б.Хуланг цагаатгасныг үндэслэлгүй гэж үзсэн гэнэ.

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
611803
0 эможи

Зочин
2019-12-21 02:07
keyboard_arrow_up