12 настай дагавар хүүгээ ээжийнх нь хамтаар хутгалж гэмтээжээ
Энэ сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт өсвөр насны хүү, ээжийн хамт хутганы шархтайгаар хүргэгдэн ирсэн байна.
Хэргийн тухай тодруулбал, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотын харьяат, 40 настай эрэгтэй Т гэгч БНХАУ-ын Эрээн хотод өөрийн хамтран амьдрагч, 33 настай Ш болон дагавар хүү 12 настай С нарыг хутгалж, гэмтээсэн аж.
Сэжигтэн этгээд хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хохирогч нарыг цээж, хөл болон гарын хэсэгт нь хутгалсан байна . Хохирогч эмэгтэй нь сэжигтэн этгээдтэй хамтран амьдардаг байсан ба тэд хамтдаа БНХАУ-ын Эрээн хот дахь “Өү-Яа” захад байр түрээслэн, хувийн бизнес эрхэлэн амьдардаг байсан юм байна. Хэрэг гарсны дараа хохирогч эмэгтэй хүүгийн хамтаар Монгол Улсын хилээр нэвтэрч, эмнэлэгт хандсан байна. Хэргийг Дорноговь аймаг дахь цагдаагийн газрын Замын-Үүд сум дахь Сум дундын цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж эхлээд байна.
Эх сурвалж: isee.mn
|