“Мотив” хамтлагийн ял эдэлсэн гишүүн дахин баригдаж, Б.Амархүүг шүүх суллав
“Мотив” хэмээх хамтлагийн дуучин “Жижгээ” хэмээх Г.Эрдэнэбаяр хар тамхи хэрэглэсэн, хадгалсан үйлдэл дээрээ энэ сарын 17-нд шилжих шөнө дахин баригдлаа. Дахин гэсний учир нь тэрбээр өмнө нь 2018 оны нэгдүгээр сард мансууруулах бодис хууль бусаар олж авч хэрэглээд баригдан тавдугаар сард нь шүүхээс хоёр жил хорих ялаар шийтгүүлсэн юм. Улмаар шүүх магадлангийн хурлаар орж, засрал хүмүүжлийг олсон хэмээн түүнийг хугацаанаас нь өмнө буюу зургаан сар хориод сулласан байдаг. Гэтэл өчигдөр мансууруулах бодистойгоо баригдаж, шээснийх нь шинжилгээгээр хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдон, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргүүлсэн аж. Гэвч шүүх хар тамхичдын толгойг иллээ. Мөрдөх болон прокурорын байгууллагаас гаргасан үргэлжлүүлэн хорих саналыг нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч үл зөвшөөрч, улсын хилээр гарах эрхийг нь л хязгаарлажээ.
Яг түүнтэй ижил нөхцөл байдалтай баригдсан дуучин Б.Амархүүг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэсэн байдаг. Улмаар түүнд холбогдох хэргийг Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид шуурхай шалгаж, прокурор нь ч хуулийн хугацаанд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээр хоёр жил хорих ял оноосон билээ. Гэтэл нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Б.Амархүүгийн гомдлын дагуу хянаад хэргийг прокурорт буцааж, яллагдагчийг суллах магадлал гаргасан нь аль ч шатны шүүхийнхэн Монгол Улсад аюулын харанга дэлдэж буй хар тамхитай тэмцэх сонирхолгүйг илтгэх мэт.
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хэлэлцсэн давж заалдах шатны шүүхийн магадлалд “Тухайн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй, нотлох баримтуудыг бүрэн цуглуулаагүй, шалгаагүй, хэргийн зарим баримтад гарын үсэг зураагүй, бичилт дутуу зэрэг үндэслэлүүд тогтоогдсон” хэмээн бичжээ. Б.Амархүүгийн хувьд дээрх Г.Эрдэнэбаярын адил мансууруулах бодис хэрэглэсэн нь шээсний шинжилгээгээр тогтоогдсон төдийгүй халааснаас нь уг бодис нь гарч ирсэн билээ. Эдгээрээс харахад анхан шатны шүүхийн шүүгч нар ч, давж заалдах шатны шүүхийнхэн ч өөрсдийнхөө үзэмжээр УИХ-аас баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж буй Эрүүгийн хуулийг янз янзаар тайлбарлан хэрэглэж байгаа нь шүүхэд итгэх иргэдийн итгэлийг үгүй хийж, хар тамхичид нь хүүхэд залууст буруу үлгэр дуурайл үзүүлж мэдэхээр байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин