УЕПГ: Д.Дорлигжавт холбогдох хэргийг ХЭРЭГСЭХГҮЙ болгоогүй
"Д.Дорлигжав нарын хэргийг хэрэгсэхгүй болгох санал НПГ-т хүргүүлжээ. Тодруулбал, хөөн хэлэлцэх хугацаа бус, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох санал АТГ-аас прокурорын байгууллагад хүргүүлсэн юм байна. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгож байгаа хэмээн УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Х.Нямбаатар чуулганы танхимд мэдэгдсэн." гэх агуулга бүхий мэдээлэл өнөөдөр өглөө зарим хэвлэл мэдээллээр гарсан.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий прокуроор асан Д.Дорлигжавт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй.
АТГ-аас гэмт хэргийн шинжгүй гэсэн саналаа прокурорт ирүүлснийг хянаж байгаа. Ямар нэг шийдвэр гараагүй байна" гэсэн мэдээллийг өглөө.
Тэгэхээр Д.Дорлигжавт холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж.
Хэргийг эргэн сануулахад, Улсын ерөнхий прокуророор ажиллаж байгаад саналаараа албан тушаалаасаа бууж, Хууль зүйн сайдын сэнтийд сууж байсан Д.Дорлигжавыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдуулан шалгаж буй билээ.