Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагч багш бэлтгэх сургалт амжилттай явагдлаа
Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол цэргийн нэгдсэн холбооны тэргүүн У.Хүрэлсүхийн өгсөн чиглэлийн дагуу Монгол цэргийн нэгдсэн холбоо Цагдаагийн Ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтэстэй хамтран Хүчирхийллээс урьдчилан сэргийлэх сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг “Орхон” их сургуулийн байранд 2019 оны 12 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
Сургалтын нээлтэнд МЦНХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Мөнх-Итгэл нар оролцож, суралцагчдад амжилт хүсч үг хэллээ.
Сургалтанд Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дэргэдэх ахмадын холбоодууд, тэдгээрээс бэлтгэл чөлөөнд гарсан ахмад дайчдын байгуулсан Төрийн бус байгууллагуудын гишүүд 50 ахмад дайчин, Орхон их сургуулийн хуулийн ангийн 3-4 дүгээр дамжааны 20 гаруй оюутнууд хамрагдлаа.
Сургалтыг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мэргэшсэн багш нар удирдан явуулсан.
Сургалтанд оролцсон Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас тэтгэвэр чөлөөнд гарсан ахмад дайчдын ихэнх нь 2-3 их дээд сургууль дүүргэсэн өндөр боловсролтой, насаараа удирдах албан тушаалд ажилласан, хүн хүмүүжүүлэх арвин их туршлагатай нийгэмд тодорхой хэмжээнд танигдсан хүмүүс байдаг тул цаашид эдгээр хүмүүсийг ашиглан хот, хөдөө орон нутагт зохион байгуулагдах хүчирхийллийн эсрэг арга хэмжээнүүдэд дайчлан ажиллуулах боломжтой гэж үзэж байгаа юм.
Сургалтанд оролцогчид ч гэсэн өөрсдийн мэдлэг боловсрол, ур чадвараа нийгмийн төлөө зориулахад бэлэн байгаагаа илэрхийлж байна.
Ийнхүү хоёр хоногийн хугацаатай сургалт амжилттай явагдаж, суралцагсдад сургагч багшийн үнэмлэх олгосноор өндөрлөлөө.