Жагсаалд оролцож байсан машин унтарч цагдаагийн алба хаагч асааж өгчээ
Өнөөдөр өглөөний 9 цагаас эхлэн автомашинтай жагсагчид Төв талбайн замыг хааж эсэргүүцлээ илэрхийлж байгаа билээ. Дээрх жагсаал цуглаанд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон иргэд оролцож байгаа юм. Энэ үеэр жагсаалд автомашины гэрлээ асааж оролцож байсан нэг жагсагчын автомашин унтарчээ.
Улмаар хамгаалалтанд гарч байсан цагдаагийн алба хаагчдаас тусламж хүссэн байна. Цагдаагийн алба хаагчид Төв талбайн баруун талд унтараад асахгүй байсан автомашиныг хамтран асааж өгчээ. Жагсагчдын аюулгүй байдлыг хангах болон эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллага өнөөдрийн жагсаалд бүрэн хамгаалттай ажиллаж байгаа аж.
Ийнхүү жагсаалд автомашины гэрлээ асааж оролцож байсан иргэний машиныг асааж өгсөнд тухайн иргэн цагдаагийн алба хаагчдад халуун аарц аваачиж өгч талархсан сэтгэгдлээ илэрхийлээд амжилт хүсэв.
Эх сурвалж: ISEE.MN
|