СТАТИСТИК: Өнгөрсөн сард 174 ихэр хүүхэд мэндэлжээ
Улсын хэмжээнд 2019 оны эхний арваннэгдүгээр сард 71 мянган эх амаржиж, 71.6 мянган хүүхэд төрүүлжээ.
Судалгаанаас харахад, энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 527 (0.7%)-гоор, амьд төрсөн хүүхэд 662 (0.9%)-оор нэмэгдсэн үзүүлэлт болох юм.
Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний 11 сард 941 болж, өмнөх оны мөн үеэс 1 (0.1%)- ээр, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1,136 болж, өмнөх оны мөн үеэс 53 (4.5%)-аар буурсан эерэг үзүүлэлт ч ажиглагдсан байна.
Эрүүл мэндийн яамны төрөлтийн цахим бүртгэлийн мэдээллээс харвал энэ оны 11 дүгээр сард 6,152 эх амаржиж, 6,240 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.
Энэ нь өмнөх буюу аравдугаар сараас амаржсан эх 411 (6.1%)-ээр, амьд төрсөн хүүхэд 393 (5.8%)-аар буурсан үзүүлэлт аж.
Нийт төрсөн хүүхдийн
- 3,233 нь эрэгтэй,
- 3,007 нь эмэгтэй,
- 174 нь ихэр,
хүүхдийн дундаж жин 3,399 грамм, дундаж өндөр 51 см-тай төржээ.