Залуус шинэ сэтгэлгээгээр улсынхаа хөгжлийг дараагийн шатанд гаргах үүрэгтэй
Бид “Залуус” буландаа амжилттай яваа залуу үеийн төлөөллийг урьдаг билээ. Энэ удаа боломж гарвал үргэлж сурч боловсрох, хөдөлмөрлөхийг эрхэм болгодог. Батлан хамгаалахын их сургуулийн 2013 оны төгсөгч, мөрдэст бүсгүй, ахмад Б.Нямхишигтэй ярилцлаа.
-Сайн байна уу. Манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Б.Нямхишиг гэдэг. 2013 онд Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг төгссөн. ШШГЕГ-т ажиллаж байхдаа МУИС-ийн оройн ангид элсэн суралцаж эдийн засагч мэргэжил эзэмшсэн. Үргэлжлүүлээд хууль эрх зүйн чиглэлээр Дотоод хэргийн сургуульд суралцаж, өнгөрсөн хавар магистраа хамгааллаа. ШШГЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр зургаа дахь жилдээ ажиллаж байна.
-Батлан хамгаалах их сургууль дэг чангатай, эмэгтэй хүнд хатуу сургалттай санагддаг. Эдийн засагч, хуульч гэх хос мэргэжилтэй байхын давуу тал?
-Хүүхэд байхаасаа л цэргийн сургуульд орно гэж боддог байсан. Өөрийнхөө хүссэн сургуульд орж чадсан болохоор сургуулиараа бахархдаг. Цэргийн сургуулийн дэг ёс миний багын хүмүүжилтэй нийцдэг. Бие, сэтгэлээрээ хөл алдахгүй хатуужилтай байх мөн эх оронч үзлийг төлөвшүүлдэг. Цэргийн сургуульд тавигдах шаардлагын хамгийн эхэнд сэтгэлгээний хувьд эх оронч байх гэж заадаг. Хоёрдугаарт, аливаад үнэнч, шударгаар ханддаг, аливаа асуудалд дүгнэлт хийх чадвартай байх ёстой зэрэг шаардлага тавьдаг. Хуулийн салбар миний мөрөөдөл байсан. Хуульч хүн нийгмийг эмчилдэг гэж ярьдаг. Амьдралд хууль, эдийн засгийн харилцаагүй зүйл гэж байхгүй тийм болохоор энэ хоёр мэргэжлийг хослуулахыг зорьсон.
-Цэргийн сургуулийн систем багын хүмүүжилтэй нийцдэг гэлээ. Багадаа ямар хүүхэд байсан бэ?
-Арван жилд сурдаг байхдаа нийгмийн ажилд идэвхтэй оролцдог байсан. Юм бүхний урд гарахыг хичээж өөрийгөө дайчилдаг байлаа. Мөн математикийн хичээлд маш их сонирхолтой. Англи хэл, математик хоёроор дагнаж хичээллэдэг. Олимпиадад орно. Дүүргийн тэмцээнүүдэд чамлахааргүй амжилт үзүүлчихдэг сурагч байлаа.Аливаа зүйлд “Хүний хийж чадаж байгаа зүйлийг би яагаад чадахгүй гэж” гэсэн бодлоор ханддаг шартай охин байлаа.
-Онц сурлагатан байж ээ дээ?
-Ангидаа сурлагаараа эхний тавдугаарт бол багтдаг байсан.
-Та спорт сонирхдоггүй юү?
-Сонирхдоггүй гэхээсээ илүү цаг гардаггүй гэвэл онох байх. Хичээлдээ илүү их анхаарал хандуулдаг байсан. Чөлөөт цагаараа усанд сэлэлтээр хичээллэж байгаа.
-Цаашдаа ямар нэг чиглэлээр гүнзгийрүүлж сурах тухай бодсон уу?
-Хуулийн чиглэлээр дахин сурах төлөвлөгөөтэй байна. Улсынхаа том сургуулиудад сурсан болохоор цаашдаа гадаадын их сургуульд сурах бодолтой, бэлдэж эхэлсэн. Залуу хүн бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл, зарчимтай байх ёстой гэж боддог. Хүн юу хүсч байгаа вэ, түүндээ хүрэх гэж зүтгэдэг байх ёстой. Энэ цагийн залууст амжилт гаргах боломж дүүрэн байна. Залуус бие биенээ ойлгож, дэмждэг, эерэг хандлагатай байх хэрэгтэй.
-Ер нь та хэрхэн ажилладаг вэ?
-Ачаалал ихтэй үедээ долоо, долоон хоногоор ажлын төлөвлөгөө гаргадаг. Цахим хэрэглээнээс бага ч болов татгалзахыг хүсдэг. Мэдээж, өөрт хэрэгтэй, ашигтай мэдээллээ интернэтээс авдаг. Жижиг зүйлд ч маш хариуцлагатай байгаасай гэж боддог. хандах ёстой гэсэн шаардлагыг өөртөө тавьдаг. Цагийн юмыг цагт нь хийх дуртай. Ямар ч ажлыг дараа гэж хойшлуулж сунжруулах дургүй. Багаас минь надад суусан хүмүүжил. Хүний баримтлах зарчим, үзэл бодол ажил амьдралд хэр амжилттай байхыг тодорхойлох гол хүчин зүйл болдог. Залуу байгаа дээрээ амжиж их зүйлийг хийж бүтээнэ гэж боддог. Эргээд харахад, хийсэн бүтээсэн бахархалгүй байна гэдэг энэ амьдралд дэндүү уйтгартай. Ажил ихтэй байх тусам цагаа зөв төлөвлөж, олон ажлыг зэрэг амжуулсан байдаг. Энэ нь ядрахаасаа илүү өөртөө эрч хүч, цэнэг авч байна гэсэн үг.
-Төрийн ажил тогтсон цагтай, тодорхой үүргийн дагуу ажилладаг. Ажлынхаа хажуугаар суралцаж, чөлөөт цагаа зөв зохион байгуулна гэдэг амаргүй байх. Хувь хүний зохион байгуулалт сайтай юм гэж бодож байна?
-Төрийн албаны ажил тасралтгүй үргэлжилдэг. Би Хуулийн хэлтэст өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн учраас манай байгууллага дээр ирж байгаа хүн хамгийн эхэлж надтай уулздаг. Тэгэхээр миний ажлын ур чадвар ямар байна, түүгээр манай байгууллагыг дүгнэх болов уу гэж боддог. Тиймээс хариуцлагатай байх ёстой. Хэрэв залуус төрийн албанд нэгэнтээ тангараг өргөөд ажиллаж эхэлсэн бол мэдлэг, чадвартай, бүтээлч байх ёстой. Тиймээс залуу хүний хувьд төрийн жинхэнэ албан хаагчийн хувьд өдөр бүр суралцаж өөрийгөө хөгжүүлэхийг зорьж байгаа.
-Хүн бүр өөрийн зарчимтай. Таны зарчим?
-Хэлсэн, амласан зүйлдээ эзэн болно гэдэг хүний хамгийн чухал зан чанар гэж боддог. Хүүхэд байхаасаа хүнд худлаа хэлж чаддаггүй байсан. Одоо ч тийм. Мөн хов живээс хол байх дуртай, бусадтай аль болох сонирхолтой, чухал яриа өрнүүлэхийг боддог. Тууштай байхыг зарчмаа болгодог. Нэг ажил гардаж авсан бол хийж үр дүнд хүрч байж санаа амардаг.
-Та БХИС болон Дотоод хэргийн их сургуульд суралцсан. Одоо хуулийн байгууллагад ажиллаж байна. Эмэгтэй хүний хувьд энэ салбарт ажиллах амаргүй юу?
-Хүмүүс цэргийн байгууллагад ажиллах хэцүү байдаг уу гэж их асуудаг. Надад бол хэцүү санагдаад халшраад байх зүйл байдаггүй. Эх орондоо тангараг өргөж, цэргийн цол зүүсэн хүн ёс зүйтэй, төрийн өмнө хүлээсэн өндөр хариуцлага, дүрэм журамтай байх ёстой. Төрийн алба хүнээс ажлын өндөр ур чадвар, мэдлэг шаарддаг. Ялангуяа, хуулийн байгууллагад ажилладаг хүн нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй.Цэргийн дүрэмт хувцас, цэргийн мөрдэс зүүсэн хүнд маш их хариуцлага ногддог. Өмссөн хувцас зүүсэн мөрдэсдээ эзэн болохыг эрхэмлэж явдаг. Иргэд хуулийн салбараас шударга ёс, иргэнээ алагчилахгүй байх зарчим нэхдэг.
-“Мөрдэс” гэх үг чихэнд чимэгтэй, бахархам сайхан. Эмэгтэй хүнд цэргийн хувцас сайхан зохьдог. Цаанаасаа л жавхаалаг харагдуулдаг шүү. Танд тэгж санагддаг уу?
-Хүмүүс цэргийн хувцсыг гоё гэдэг утгаар нь хардаг. Цэргийн хувцасаа өмсөнө гэдэг нэр төрийн хэрэг. Том хариуцлага үүрч байна гэсэн үг. Өмссөн хувцас, зүүсэн цолондоо эзэн болох юмсан гэж боддог.
-Таны энэ их завгүй ажил хөдөлмөрийн ард гэр бүлийнхэн нь их тус дэм болдог байх?
-Миний ээж их сайхан хүн байдаг. Бага байхаасаа ээжээсээ үлгэр дууриалал авч өссөн. Бусдыг хүндэлж, ямар ч хүнтэй сайхан харьцаж бай, зоригтой, шударга охин болоорой гэж захьдаг байсан. Энэ үгс миний сэтгэлд хоногшсон.
-Аав ээжийнхээ захиасыг хэр биелүүлсэн гэж бодож байна вэ?
-Өөрийгөө муугүй охин гэж боддог. Хүн бүрт бусдын өмнө хүлээсэн хариуцлага бий. Найзынхаа хувьд итгэлт найз, ээжийнхээ хувьд хамгийн сайн охин нь, хамт олныхоо дунд ажил мэргэжилдээ чадварлаг алба хаагч байна гэдэг чухал болов уу, тэр утгаараа ээжийнхээ захиасыг зөрчсөн гэж боддоггүй.
-Ижий тань аль нутгийн хүн бэ?
-Ээж минь Өвөрхангай аймгийнх.
-Таныг миссийн тэмцээнд оролцож байсан гэдэг юм билээ. Энэ талаараа яриач?
-Монголын гоо бүсгүй шалгаруулах тэргүүн дээд наадам “Мисс Монголия” тэмцээнд таван жилийн өмнө орж байсан. Ойр, дотны хүмүүс энэ тэмцээнд ороод үз гэж санал болгосон. Би өөрөө залуу хүний хувьд авьяас чадвараа сориод үзэхээр шийдсэн. Мэдээж, олон гоо бүсгүй, авьяаслаг охидтой өрсөлдөнө гэдэг амаргүй. Нэг сарын турш МҮОНТ-ээр цацагддаг томоохон төсөл, ширүүн өрсөлдөөн дунд дууссан. Миний хувьд мөрдэстэй цэргийн бүсгүйчүүдээ төлөөлсөн анхны оролцогч байсан. Олон хүний анхаарлыг татаж байсан болохоор өндөр хариуцлага надаас шаардсан. Тэр олон үзэсгэлэнтэй, чадварлаг, авьяастай охидоос шалгарч “Оюунлаг мисс” номинацийн эзэн болсон. Монголын гоо бүсгүйчүүдийн нэг болсондоо баяртай байдаг. Мөн залуу насны минь гэгээн дурсамж гэж боддог. Миссийн тэмцээн гэхээр хүмүүс гоё сайхан байх ёстой гэж боддог. Гэтэл эмэгтэй хүний хандлага, дотоод мөн чанар, авьяас, өөрийгөө илэрхийлэх чадвар, мэдлэг гоо сайхны хамгийн том хэмжүүр гэж боддог.
-Загварын ертөнцтэй холбоотой хэн бүхнээс гадаад болон, дотоод үзэсгэлэнгийн тухай асуумаар санагддаг юм. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?
-Зөвхөн гоё, сайхан байхаас илүү хөдөлмөрч, дайчин, манлайлагч байдлаар нийгэмдээ зөв үлгэр дуурайлал болж, гоо зүйг зөв бүрдүүлэхийг боддог. Эмэгтэй хүн бусдыг энэрэх, хүндэтгэх зан чанарыг эрхэмлэх ёстой. Энэ орчлон эмэгтэй хүний хайраар зөөлөрч байдаг шүү дээ. Хүн байгаль, амьтан амьд байгаа юм бүхнийг хайрласан хүнд эргээд талархал, хүндэтгэл заавал ирдэг.
-Та найз залуутай юу?
-Гэр бүл төлөвлөлтөд яардаггүй. Нас залуу байна, сурч мэдэх зүйл их байна. Ээж болно гэдэг маш өндөр хариуцлага. Үр хүүхдийнхээ бахархал болж чадахуйц тийм ээж байхсан гэж боддог. Одоо л ханьтай, сайхан үр хүүхэдтэй болно гэж хүссэн тэр цагтаа гэр бүлээ төлөвлөнө дөө.
-Мөр зэрэгцэн алхаж яваа залуустаа хандаж юуг хэлэх вэ?
-Хамгийн түрүүнд нийгмийн бүхий л харилцаанд залуу хүн эерэг, зөв хандлагаар оролцож чаддаг байх хэрэгтэй. Залуу хүн эх орныхоо маргаашийн өнгө төрхийг тодорхойлж байдаг гэж боддог.Залхуу байвал аливаа нийгмийн хөгжил урагшлахгүй шүү дээ. өдөр бүр суралцаж өөрийгөө хөгжүүлж, бүтээлч хандлагатай байх нь чухал. Бидний үеийн залуус шинэ сэтгэлгээгээр улсынхаа хөгжлийг дараагийн шатанд гаргах үүрэгтэй.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин