Согтуу жолооч айлын хашаа мөргөжээ
Тээврийн цагдаагийн албанд 2019 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 287 дуудлага, мэдээлэл хүлээн авсны 225 тохиолдол нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага бүртгэгджээ.
Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршгаас урьдчилан сэргийлж ажиллажээ. Энэ он гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна.
Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна.
ӨНГӨРСӨН ШӨНӨ БҮРТГЭГДСЭН ЗАМ ТЭЭВРИЙН НОЦТОЙ ОСЛУУД:
- Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж, ослын улмаас хоёр хүн гэмтжээ.
- Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд приус маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, приус маркийн автомашинтай мөргөлдөж, нэг хүн гэмтсэн.
- Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд приус маркийн автомашины жолооч Э нь приус маркийн автомашинтай мөргөлдсөн.
- Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд приус маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрхны 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.