СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож осол гаргажээ
Өнгөрсөн шөнө /2019.12.10-11/ ДӨРВӨН иргэн согтуугаар жолоо барьж зам тээврийн осол гаргажээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо зүүн салааны гудамжинд T.Landcriuser-80 маркийн автомашины жолооч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Spacio маркийн автомашинтай мөргөлдөж ослын улмаас хоёр хүн гэмтсэн.
Сүхбаатар дүүргийн 12-р хороо 17-р сургуулийн зүүн замд T.Prius маркийн автомашины жолооч Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож T.Prius маркийн автомашинтай мөргөлдөж нэг хүн гэмтсэн.
Баян-Зүрх дүүргийн 12-р хороо Сансар худалдааны төвийн хойд замд T.Prius маркийн автомашины жолооч Э нь T.Prius маркийн автомашинтай мөргөлдсөн.
Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо Баруун салааны замд T.Prius маркийн автомашины жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож Сонгино-Хайрхан дүүргийн 24-р хороо Жавхлант хайрханы 18 гудамжинд байрлах хашаа болон гэрийг мөргөсөн зэрэг согтуугаар жолоо барьснаас үүдэлтэй осол хэрэг гарсан байна.
Тээврийн цагдаагийн албанд 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэдээс нийт 287 дуудлага, мэдээлэл хүлээн авсны 225 тохиолдол нь зам тээврийн ослын шинжтэй дуудлага байлаа. Тус өдөр зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж бэртсэн байна. Тухайн гэмтэж бэртсэн хүмүүсийн 4 тохиолдол нь явган хүний гарцгүй газраар зам хөндлөн явганаар гарч яваад, харин явган хүний гарцтай газраар зам хөндлөн гарч явсан 1 явган зорчигчийг тээврийн хэрэгсэл мөргөсөн байна. Үлдсэн 3 хүний тухайд тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа зам тээврийн осолд өртөж гэмтэл бэртэл авсан байна.
Хоногийн хугацаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 30 зөрчлийг тээврийн цагдаагийн алба хаагчид гудамж замын хяналт шалгалтаар илрүүлэн цаашид гарч болзошгүй хор, уршигаас урьдчилан сэргийлж ажиллажээ.
12 сар гарснаас хойш согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Зөвхөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохоос гадна, өөрийн үйлдлийг хянах чадваргүй үедээ явганаар зорчих хэсэг дээгүүр, гарцгүй газраар зам хөндлөн гарсан иргэд зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.
Мөн албан ёсны бүртгэлгүй цаашлаад жолоодох эрхийн үнэмлэхгүй, тухайн тээврийн хэрэгсэлд тохирох ангилалгүй, жолоочийн даатгалгүй иргэд өөрсдийгөө дуудлагын жолооч хэмээн иргэдийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцох, зам тээврийн осолд холбогдож ослын газрыг орхиж явдаг зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд тээврийн цагдаагийн албанаас хяналт шалгалтандаа анхаарч нэгдсэн болон хэсэгчилсэн хяналт шалгалтыг ил болон далд хэлбэрээр, мөн иргэдийн өгсөн мэдээллээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох зөрчлийг илрүүлэн ажиллаж байна.
Хөдөлгөөнд оролцогч та бүхэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, өөрийн үйлдлийг хянах чадваргүй хүнийг замын хөдөлгөөнд харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байхыг анхааруулж байна. Хэрэв тантай хамт согтууруулах ундаа хэрэглэсэн хүн ганцаараа явж байгаад зөрчил гаргасан, хохирсон тохиолдолд сүүлд хамт байсан хүмүүсийг шалгаж, хариуцлага хүлээлгэдэг болохыг анхаарах хэрэгтэй.