Д.ЯДАМДОРЖ: Энэ онд гэмт хэрэг 5000 орчим хэргээр буюу 20 хувиар БУУРСАН
Улсын хэмжээнд бүртгэгддэг гэмт хэрэг, зөрчлийн 70 орчим хувь нь Улаанбаатар хотод шалгагдан шийдэгдэж байна гэхээр Нийслэлийн цагдаагийн удирдах газар үнэхээр том айл.
Энэ том айлын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийг хариуцан үүрэг гүйцэтгэж байгаа Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга цагдаагийн хурандаа Д.Ядамдоржтой нийслэл хотын гэмт хэргийн нөхцөл байдал, үйл ажиллагаандаа хэрэгжүүлж байгаа зарим бодлого чиглэлийн талаар ярилцлаа.
Та Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө? Шинэ оноо ямар ололт амжилттай угтах гэж байна вэ?
Би цагдаагийн албанд анхан шатны нэгж болох сумын хэсгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, хэлтсийн орлогч дарга, аймгийн цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын албаны дарга зэрэг албыг хашиж, төр засгийн бодлого, шийдвэр, цагдаагийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирлээ.
Яг энэ албан тушаалд томилогдоод хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Том айл шүү дээ. Эргээд харахад алба хаагч нар маань чамлахааргүй үр дүнтэй ажиллажээ. Үүрэг, тангараг хоёртоо үнэнч байгаад зүтгэхэд ажил нь бүтэж байдаг сайхан алба шүү. Томилогдоод нийслэл Улаанбаатар хотын сүүлийн жилүүдийн гэмт хэрэг зөрчлийн гаралт, нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгсөн.
Мөн өмнөх удирдлагуудын эхлүүлсэн бодлогын чанартай ажлуудыг уламжлан хэрэгжүүлэх, нөхцөл байдалтайгаа уялдуулан өргөжүүлэх, шинэлэг зүйлүүдээр баяжуулах, санаачлах гээд ёстой л амсхийх завгүй өнөөдрийг хүрсэн байна.
Үүний үр дүнд гэмт хэрэг 2019 оны эхний 11 сард 4633 хэргээр буюу 19,4 хувиар буурсан. Хэргийн илрүүлэлт 38,4 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 10,4 хувиар өссөн зэрэг чамлахааргүй үр дүнтэй шинэ онтойгоо золгох гэж байна.
Хэрэг буурна гэдэг тэрийгээ дагаад төсөв санхүү хэмнэгдэж, алба хаагчдын ажил ачаалал ч буурхад тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн үг биз дээ.
Тэгэлгүй яахав. Ирж байгаа дуудлага, хэрэг нэг бүрийн тоогоор хүн хүч, тээврийн хэрэгсэл, шатахуун гээд эдийн засгийн болон эрх зүйн үр дагавар, хүн хүчний асуудал яригддаг. Хэрэг нэг хувиар буурах нь хүртэл ач холбогдолтой. Тэр хэмжээгээрээ нэг хувь өсөхөд л дээрх хүн хүч, төсөв санхүү нэмэгддэг учиртай. Энэ жил Нийслэл хотын хэмжээнд хулгайлах гэмт хэрэг 2779 хэргээр буюу 30,7 хувь, халаасны хулгай 792 хэргээр буюу 63,7 хувиар, дээрэмдэх 620 хэргээр буюу 46,3 хувиар, залилах 623 хэргээр буюу 14,6 хувиар, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 582 хэргээр буюу 10,8 хувиар тус тус буурсан үр дүн гарлаа.
Дээрх үр дүн гарахад хүн амь, хүчин, дээрэм, залилангийн болон зөрчлийн хэргүүдийг шийдвэрлэх талаар шүүх, прокурорын байгууллагатай хамтарсан уулзалт зөвлөгөөн, ярилцлага зохион байгуулах зэрэг олон удаагийн идэвхтэй үйл ажиллагаанууд зохион байгуулсан нь нөлөөлсөн. Мөн Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтэд ч тодорхой ахиц дэвшилт гарсан.
Та Цагдаагийн ерөнхий газрын Дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар томилогдоод ажлаа ямар асуудлаас эхлэв?
Цагдаагийн дарга хүнд жижиг гэмт хэрэг, жижиг асуудал гэж байдаггүйг өмнө нь хийж байсан ажлынхаа туршлагаас гадарлах болохоор алба хаагчидаа сонсох нь надад нэн тэргүүний ажил болсон. 2015-2017 онуудад гэмт хэрэг зөрчил 20 хүртэл хувиар өссөн үзүүлэлт анхаарлыг маань татаж байсан учраас бууруулахын тулд алба хаагч нартайгаа хамт зүтгэнэ дээ гээд ажилласан. Одоо ч эрчимтэй ажиллаж байна.
Харьяа нэгж, Дүүргийн цагдаагийн хэлтсүүд нийт бүрэлдэхүүнийхээ 90 гаруй хувьтай нь хуваарийн дагуу уулзаж санал хүсэлтийг нь сонссоны үр дүнд хэд хэдэн асуудал дээр тогтож, тууштай хэрэгжүүлэн үр дүнг нь тооцох ажил арга хэмжээнүүдийг зөвлөлийн гишүүдтэйгээ хэлэлцэн тодорхойлсон. Юуны түрүүнд иргэдээс ирүүлсэн дуудлага мэдээллийг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх ажил учир дутагдалтай байв. Тухайн үед хоногт дуудлагын тоо 1500-2000-д хүрч, шийдвэрлэлт нь тун бага хувьтай байсан.
Иргэд ч энэ талаар бичгээр болон амаар Засгийн газрын мэдээллийн төвийн 11-11 тусгай дугаараар холбогдохоос гадна Цагдаагийн ерөнхий газрын удирдлагад ч олон гомдол гаргаж байв. Дүүргийнхээ цагдаагийн удирдлагуудад дуудлага, мэдээлэлийн мөрөөр хэрэгжүүлэх ажилдаа доривтой ахиц гаргах, гүйцэтгэлд нь тавих хяналтыг тогтмолжуулах талаар тодорхой чиглэлүүдийг өгч, зохион байгуулалтын арга хэмжээ авсаны үр дүнд шийдвэрлэлт дээшилсэн.
Энэ ажлыг зохион байгуулснаар ямар үр дүнд хүрсэн бэ?
Ямар ч асуудалд эргэх холбоо юу юунаас чухал. Таны асуудлыг бид хуулийн дагуу ингэж шийдлээ гээд эргэж холбогдож мэдэгдэхэд иргэн сэтгэгдэл өндөр байдаг. Иймээс дуудлага, мэдээлэл өгсөн иргэн нэг бүртэй, дуудлагыг нь хэрхэн шийдвэрлэсэн, гомдолтой эсэх талаар санал гомдлыг нь хүлээн авч, эргэж холбогддог болсон нь энэ ажлыг эрчимжүүлэх гол хөшүүрэг болсон. Дуудлага, мэдээлэл өгсөн иргэдийн 60 хувьтай нь тухайн үед холбогдож санал хүсэлтийг нь сонсдог болсонд иргэд нэн талархалтай ханддаг болсон.
Мөн тухайн үед дуудлагын тоо ихэссэн учраас албаны автомашин болон зөрчил шийдвэрлэх алба хаагчийг нэмэгдүүлснээр шийдвэрлэлтийнхээ хэмжээгээр зөрчлийн дуудлага мэдээлэл жилээс жилд буурч байна. Энэ ажлыг хэлтэс, тасгийн дарга нар бүрэн хяналтдаа авч, хугацаа алдахгүй хууль журмын дагуу шийдвэрлэх асуудал сүүлийн хоёр жилд тодорхой ахиц гарлаа. Дуудлага мэдээллийн мөрөөр шуурхай ажиллаагүй, чирэгдүүлсэн, буруу шийдвэрлэсэн, хяналт тавиагүй албан тушаалтнуудад ч хариуцлага тооцож эхэлсэн.
Цагдаагийн ерөнхий газраас ч мөн тодорхой арга хэмжээ авч, дүүргүүдийн бүтцэд жижүүрийн Шуурхай удирдлагын тасгийг бий болгож, иргэдийн өргөдөл, гомдол, санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх ажиллагаанд онцгой анхаарсан арга хэмжээ авсан.
Нэг хүн, нэг айл, нэг байгууллага ч гэсэн амар тайван байх нөхцөл нь бүрдэж байвал тэр бидний ажлын үр дүн дээ.
Ингэж дуудлага багасна гэдэг чинь тэр хэмжээгээрээ миний дээр ярьсан алба хаагчдын алба, амины цаг хугацаа, ажлын ачаалал, тээврийн хэрэгслийн бензин шатахууны нөөц хэмнэгдэж байгаа бодит үр дүн гарч байгаа нь тэр.
Байгууллагын ажлын үр дүнг сайжруулахад удирдлагын манлайлал ур чадвар, зохион байгуулалттай холбохгүйгээр үр дүн хүлээх боломжгүй санагддаг. Та удирдах албан тушаалтнуудынхаа ажлын үр дүнг дээшлүүлэх чиглэлээр ямар бодлого барьж ажиллаж байна вэ?
Манай алба хаагч нарын манлайлал надаас, өөрөөс маань эхлэх учраас ажлын арга, туршлага гээд бүхий л талаараа удирдах ажил алба хашиж байгаа залуустаа үлгэр дуурайл болохыг зарчмаа болгож ирсэн. Ер нь дарга гэдэг албан тушаалтнуудыг зохион байгуулагч, зохицуулагч, чиглүүлэгч, үлгэрлэгч гэж манлайллын үүргээр нь хамт олон нь хүлээн зөвшөөрч, хамтран ажиллах явдал юм. Тиймээс удирдлагуудаас их зүйл шалтгаална гэж би хувьдаа үздэг.
Дүүргийн цагдаагийн хэлтэс, тасгийн дарга нарын хувьд ч удирдан зохион байгуулах ур чадвар, ажил хэрэгч байдал, алба хаагч нэг бүрт хүрч ажиллах, хэрэг зөрчилд хяналт тавьж буй байдал, иргэдээс ирүүлсэн гомдол санал хүсэлтэд хариу өгч байгаа байдал, харьяа дээд байгууллага, удирдлагаас ажил сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг, чиглэлийн хэрэгжилт, үр дүнг хянах, тооцох явдал учир дутагдалтай байсныг нуух юун.
Нөгөө талаас анхан шатанд ажиллаж байгаа алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хэргийг хуулийн хугацаанд нь мөрдөн шалгах, дуудлага, мэдээлэл нэг бүрийн шийдвэрлэлтэд хяналт тавих гэх мэт ажлууд нь суларсан байсан гээд дурьдвал асуудал барагдахгүй л дээ.
Цагдаагийн дарга хүн ажилдаа хамгийн эрт ирээд хамгийн сүүлд явдаг байх нь наад захын манлайлал. Албаны дүрэмт хувцсаа үлгэр жишээ өмсдөг, алба хаагчидтайгаа журам, дүрмийн дагуу зөв харьцдаг, иргэдийг сайхан хүлээж аваад, гаргасан өргөдөл, гомдлыг нь шалгах алба хаагчид нь зөвлөгөө өгөөд, хэрэгжилтийг нь тооцдог, иргэнд хариуг нь өгдөг, алба хаагчдын ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх, ажил хариуцах чадвар зэргээр дүүргүүдийн ихэнх дарга нар зүтгэл гаргаж, санаачилгатай ажиллаж байгаад урамтай байдаг даа.
Нийслэлийн цагдаагийн газрын зарим удирдлагууд их ойрхон солигдсон гэж уншиж байсан. Дүүргүүд ямар байдалтай байна вэ?
Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс, Баянгол дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн дарга нар сүүлийн таван жилд тус бүр таваас зургаан удаа өөрчлөгдсөн гэх мэтчилэн олон жишээнүүдийг дурьдаж болно. Тасаг, хэсгийн дарга, ажилтнууд мөн адил. Ер нь удирдлага нь тогтворгүй болоод ирэхээр тухайн нутаг дэвсгэр дээр гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр явуулах ажил, арга хэмжээ, алба хаагчдын урам зориг, итгэл үнэмшил, албандаа хандах хандлага, ажлын байрны тогтвор суурьшил нь дагаад суларч, амь аргацаасан, өдөр, хоног өнгөрөөсөн, хэзээ дарга дахиад солигдох бол гэж харсан, ажлын эцсийн үр дүнг тооцох хэмжүүрүүдийн тогтвортой байдал, арга барилын төлөвшил нь үндсэндээ алдагддаг юм байна.
Тийм учраас сүүлийн хоёр жил дарга нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах, шатлан дэвшүүлэх зарчмаар даргын томилгоог хийх асуудалд Цагдаагийн ерөнхий газраас ч гэсэн ихээхэн анхаарав. Хамт олны уур амьсгал, хандлага, итгэл үнэмшил харьцангуй дээшилж, бие биедээ итгэж, дэмжлэг авч, хамт олны сэтгэл ханамж, ажиллах урам зориг нэмэгдэж байна.
Дарга нарын ажлыг үнэлдэг, дүгнэдэг, хяналт тавьдаг үйл ажиллагаанд өөрчлөлт хийж өглөө хэдэн цагт ажилдаа ирж, хэдэн цагт бууж, энэ хугацаанд ямар ажил арга хэмжээ зохион байгуулж, үр дүн ахиц дэвшил хэр зэрэг байгааг өдөр, сар, улирлаар дүгнэж, сайн ажилласныг нь урамшуулж, тааруу ажилласанд нь зэмлэл хүртээдэг тогтолцоо хэвшиж байна.
Ингэж дарга нарын ажлыг үнэлэх шалгуур үзүүлэлттэй болсон нь үр дүн хүлээх нэг боломж гэж хэлж болно. Удирдах албан тушаалтнуудынхаа ажил, үүргийг зөв зохион байгуулахгүй бол ажлын үр дүн гэж ярилтгүй.
Энэ хугацаанд давхардсан тоогоор 50 дарга сайшаагдаж, 42 дарга зэмлэл хүртсэн байна. Үүнийгээ дагаад удирдах бүрэлдэхүүний манлайлал, ажил хэрэгч байдал, хамт олноо удирдан зохион байгуулах, алба хаагч нарын ажлыг тэнцвэржүүлэх бодлогын хэрэгжилт үр дүнг тооцох чиглэлээр тодорхой ахиц гарсан.
Дарга нарын ажлыг хагас, бүтэн жилээр Нийслэлийн цагдаагийн газраас дэд даргаар ахлуулсан хэлтсийн дарга нар оролцсон ажлын хэсэг хянан үзэж, ажилд нь үнэлэлт, дүгнэлт өгч, нийт дарга нарын хэмжээнд сайн муугаа ил тод ярилцдаг болж, үүрэг даалгаврын хэрэгжилтийг хангалтгүй гүйцэтгэсэн, идэвх санаачилга муутай зарим удирдлагуудын ажлын байрыг өөрчилсөн зэрэг удирдлага, зохион байгуулалтын олон арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Тодорхой хэмжээгээр эерэг үзүүлэлт гарч байна. Цаашид ч энэ ажлаа үргэлжлүүлнэ
Нийслэлийн цагдаагийн газрын өглөө бүхэн зохион байгуулдаг шуурхай зөвлөгөөн нь иргэдийг чирэгдүүлдаг талаар шүүмжлэл дагуулдаг байсан. Үүнийг та өөрчилсөн гэсэн. Ач холбогдол нь яаж илэрч байна вэ?
Нийслэлийн цагдаагийн газар нийслэл Улаанбаатар хотод хоногийн хугацаанд эрүү, хэв журмын нөхцөл байдал ямар байсан талаар өглөөний 08-08.30 цагт өдөр бүр бие бүрэлдэхүүнээрээ сонсож, харилцан мэдээлэл хийдэг, үүрэг чиглэл авдаг шуурхай зөвлөгөөн хийдэг.
Үргэлжлүүлээд дүүргийн цагдаагийн хэлтсүүд дотооддоо хуралдаж, гэмт хэрэг илэрсэн, илрээгүй, үүрэг даалгавар биелсэн, биелүүлээгүй гэх мэт ажлуудаа ярилцсаар байгаад наад зах нь 10 цаг хүргэж, алба хаагчийг өглөө бүр идэвхгүй байдалд оруулдаг, хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзлийг нь бүдгэрүүлэн саармагжуулж, мартуулах, мөн цагдаагийн байгууллагад гомдол гаргах, мэдүүлэг өгөхөөр ирсэн иргэдийг тэр хэмжээгээр хүлээлгэж цөхрөнг нь бардаг сөрөг үр дагавартай байдлыг өөрчилж 17.00 цагт шуурхай хийдэг болсон.
Алба хаагчдыг ажлын таван өдрийн зөвхөн Даваа, Баасан гаригийн 17.00 цагт нэгдсэн шуурхайд суулгаж Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газраас зарлан мэдээлэх, хичээл сургалтын шинжтэй арга хэмжээнүүдийг явуулдаг болсноор өглөө бүр иргэдийг хүлээлгэдэг байдал таслан зогсоогдож, алба хаагчийн хөдөлмөрийн бүтээмж дээшилсэн дээ. Эхэндээ дасахгүй хэл ам дагуулсан. Харин одоо алба хаагчид үр дүнтэй байна гээд ам сайтай л байна.
Иргэдийг Цагдаагийн байгууллага дээр дуудчихаад үүдэнд нь суулгаад байдаг, санал гаргаад очиход заримдаа таагүй хүлээж авдаг тухай шүүмжлэлтэй яриа өгүүлэл байдаг. Энэ талаар зохион байгуулсан ажил, иргэдээс ирдэг удаан хүлээлгэлээ гэдэг хэл амыг багасгахад нөлөөлж чадсан уу?
Тэгэлгүй яахав. Алба хаагчдаас иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг таслан зогсоож, иргэндээ хүндлэлтэй, шуурхай хандаж, ажил хэрэгч харилцаа үүсгэх арга барилд сургах ажлыг зохион байгуулах нь бидний үндсэн ажлын нэг. Дүүргийн хэлтсүүд дээр санал гомдол гаргахаар ирсэн иргэдийг хүлээлгэдэг чирэгдүүлдэг, гаргасан гомдол хүсэлтэд хариуг нь тэр бүр өгдөггүй байдал их байсан юм. Иймд юун түрүүнд иргэдийг угтах, үдэх, санал хүсэлтийг нь хүлээн авах таатай орчныг бүрдүүлэхээр ажилласан. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Алба хаагчид маань ч гэсэн өөрийн ажиллаж байгаа байгууллагаа үүднээсээ эхлээд өнгө төрх сайхан байвал урам юм даа. Үүнийгээ дагаад шалгаж шийдвэрлэх ажилд нь дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүд угтах, үдэх үйлчилгээг нэвтрүүлжсэн нь хяналт тавьдаг болсноор иргэдийг удаан хугацаагаар хүлээлгэдэг, гомдол, саналаа хэнд хандаж гаргах, хэнтэй уулзах нь тодорхойгүй байдал эрс багассан
Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд алба хаагчдыг урамшуулах зохион байгуулалтын ажил юу юунаас илүү чухал. Та хэр зэрэг алба хаагчаа урамшуулдаг удирдлага вэ?
Урамд дургүй хүн гэж байхгүй. Цагдаагийн алба хаагч гэхээрээ л үргэлж үүрэг даалгавар аваад хичээж зүтгэж хийсэн ажил нь усанд хаясан чулуу шиг орхигддог байж болохгүй. Сайн ажиллаж байгаа хүнийг урамшуулна гэдэг дарга хүний удирдах арга барилын салшгүй нэг хэсэг, бусдыг нь уриалах, бусдад нь үлгэрлэх арга хэрэгсэл юм шүү дээ.Үүнтэйгээ уялдаад алба хаагчаа урамшуулах нь ажлын үр дүн гарах нэг чухал зүйл.
Манай бие бүрэлдэхүүнд чадвартай, хийж бүтээе гэсэн хүсэл, эрмэлзэлтэй олон шилдэг алба хаагчид ажиллаж байна. Алба хаагчдынхаа урам зоригийг нэмэгдүүлэх, мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлж байя гэсэн итгэл үнэмшлийг нь өрнүүлэх зорилгоор сайн ажиллаж байгаа алба хаагчдаа цаг тухайд нь алдаршуулж хэвшсэн. Ажлаа сайн хийгээд урамшуулал авч байгаа алба хаагчаа харахаар би ч гэсэн адилхан баярладаг. Байгууллагынхаа албан ёсны цахим хуудас, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр алба хаагчийнхаа 7 хоног, сард бусдаасаа ялгарч шалгарсан, ур чадвар гаргасан ажлын амжилтаар нь “Онцлох алба хаагч”-ыг шалгаруулж, сурталчлах ажил тогтмолжсон. Хэн сайн ажиллана тэр шагнагдах нь зөв шүү дээ.
Та алба хаагчдынхаа ажлыг бодитой үнэлж дүгнэж чадаж байгаа гэж бодож байна уу?
Энэ асуултад манай алба хаагч нар илүү тодорхой хариулах байх. Сардаа ойролцоогоор 15-20 хүнийг албан ёсоор шалгаруулаад, цалинг нь 20 хүртэл хувиар нэмж урамшуулан, гэрэл зургийг нь хүндэт самбарт байршуулан, нийт бие бүрэлдэхүүндээ тухайн алба хаагчийн амжилт бүтээлийг сурталчилж байгаа нь дараа дараачийн эерэг үр дүн гарах, идэвх чармайлт гаргах нэг хүчин зүйл болж байна.
Үүнээс гадна мэргэжлийн өндөр ур чадвар гаргаж, хамгийн хурдан хугацаанд гэмт хэрэг зөрчлийг илрүүлсэн, таслан зогсоосон, шинэ сэдэл санаа гаргасан алба хаагчийг цаг тухайд нь нийт алба хаагчид, иргэд олон нийтэд хүргэх зорилгоор цахимаар алдаршуулах ажлыг зохион байгуулсан. Одоогийн байдлаар 300 гаруй алба хаагч, албан тушаалтны мэдээллийг нийтэд хүргэлээ. Ингэснээр алба хаагчдын идэвх санаачилга, хандлага, итгэл үнэмшил эрс дээшилж, урам зориг орж байна даа.
Танай удирдах газраас дүүрэг рүүгээ хэрхэн анхаарал тавьдаг вэ? Та бүх шатандаа хүрч ажиллаж байна уу?
Дүүргийн цагдаагийн хэлтсүүдийн ажил сайн байж гэмээнэ Нийслэлийн цагдаагийн байгууллагын ажил бүхэлдээ сайжирна. Улмаар хариуцсан нутаг дэвсгэрийн хүн ам, бүртгэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн байдлаас шалтгаалж улсын хэмжээний цагдаагийн байгууллагын ажлын үр дүнд ч нөлөөлдөг учраас бид дүүрэг рүүгээ, тэр тусмаа хорооны цагдаагийн ажилд онцгойлон анхаарал тавьж байгаа. Ямар ч ажлыг хийж байхад туршлагатай хүний үг, үйлдэл хэзээ ч илүүддэггүй. Урам зориг нэмээд урагшаа ахихад нь чухал түлхэц болдог. Залуу хүнийг чи дээд сургууль төгсөө биз дээ гээд орхиж хэрхэвч болохгүй. Тиймээс манай төв аппаратын алба хаагчид анхан шатны нэгж болох дүүрэг дэх цагдаагийн газар, хэлтсүүдэд очиж, ямар ажил нь доголдож байна, ямар ажилд нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэдгийг үзэж, энэ чиглэлээр хоёр жилийн хугацаанд давхардсан тоогоор 500 гаруй алба хаагч 300 гаруй удаа дүүрэг, хороодод ажиллажээ.
Алба хаагчдын зүгээс төв газраас маань ажлын арга туршлагатай алба хаагч ирээд ажилд маань тусалж өргөдөл, гомдлыг хууль зүйн дагуу шийдэхэд туслаад, дэмжээд өглөө гэж их урам зориг ордог гэж хэлж байгаа нь удирдлагууд бидэнд ч ч урам өгөөд зогсохгүй тухайн нэгж дээр бодит нөхцөл байдал ямар байгааг мэдэх нэг чухал арга болж байгаа юм.
Тиймээс дэмжлэг үзүүлэх ажлыг бид ажлын зав чөлөө, хурал зөвлөгөөн, тайлан төлөвлөлтийн ажил бага байх үед тодорхой дэмжлэг үзүүлэх хэлтэс, тасаг, алба хаагчдаа сонгоод очиж ажиллан үр дүнг нь тооцон ажиллаж байна.
Нийслэлийн иргэдийн хурал болон Засаг дарга нараас та бүхний ажлыг хэрхэн дэмждэг вэ?
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд улсын төсөв, орон нутгийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс, Багануур дүүрэг дэх цагдаагийн хэлтэс шинэ байр, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн өргөтгөлийн барилга ашиглалтад оров.
Удахгүй Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газар, Багахангай дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ байрнууд ашиглалтад орох гэж байна. Мөн нийт автомашинуудын 10 орчим буюу 50 автомашинаар парк шинэчлэл хийлээ. Шинээр нэг тэрбум орчим төгрөгөөр тодорхой дүүргүүдийн хороодыг камержуулаад байна. Энэ нь гэмт хэрэгтэй тэмцэх ажилд үзүүлж байгаа маш том дэмжлэг.
2020 онд Нийслэлийн төсөвт бүтээн байгуулалтын болон бусад ямар мөнгө санхүүгийн асуудлуудыг шийдвэрлэхээр болоод байгаа вэ?
Нийслэлийн удирдлагуудын санаачлан дэмжснээр 2020 онд Нийслэлийн иргэдийн хурлаар автомашины парк шинэчлэл, Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн шинэ барилга, Улаанбаатар хотыг тодорхой хэмжээнд камержуулах төсөв хөрөнгийг баталсан. Энэ нь цагдаагийн алба хаагч дуудлага мэдээлэлд түргэн шуурхай очих, иргэдийн ая тав тухтай ажиллах амьдрах, айдас хүйдсийг багасгах, цагдаагийн алба хаагчийн хөдөлмөрийг хөнгөвчлөх зэрэг ач холбогдолтой.
Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардлыг нэмэгдүүлж баталсан. Энэ бүхэн цагдаагийн байгууллагын ажиллах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн, сүүлийн жилүүдэд хийгдээгүй томоохон хөрөнгө оруулалт боллоо.
Танайх бүтцийн өөрчлөлт хийсэн гэсэн. Шинэ бүтэц хэр зэрэг ач холбогдолтой болсон гэж та бодож байна вэ?
Цагдаагийн ерөнхий газраас манай Нийслэлийн цагдаагийн газрын бүтцэд дүн шинжилгээ хийж шинэ бүтцэд оруулсан. Бидний санаачилсан ажлын үр дүн иргэд, алба хаагчдад ээлтэй байвал тэр бодит үр дүн гэж хардаг. Тийм бүтэц болсон ч гэж бодож байгаа. Тухайлбал: Дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийг нутаг дэвсгэрийнх нь харьяаллаар хариуцахаар дүүрэг тус бүрт газар байгуулснаар нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үйл ажиллагаа бүрдсэн. Ингэснээр нутгийн өөрөө удирдах байгууллагатай нэг бодлогоор л харилцдаг болж байна гэсэн үг.
Үүнийгээ дагаад цагдаагийн хэлтсүүдийн ажлын уялдаа холбоо улам сайжирч, ажил ачааллаа хамтын хүчээр шийдвэрлэх боломж нэмэгдэж байна. Энэ бүтцийг хийхэд Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын бүтцээс 52 орон тоог дүүргүүдэд шилжүүлж, хороодод цагдаагийн 33 хэсэг байгуулсан. Энэ нь цагдаагийн байгууллагын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулж, хүртээмжийг нэмэгдүүлэх, дүүрэг хороодын хэсгийн үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх ач холбогдолтой шийдвэр боллоо.
Мөн Нийслэлийн цагдаагийн газрын харьяанд Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс байгуулж, хойч ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа эрхийг хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд ач тустай ажил гэж харж байгаа. Энэ чиглэлээр мэргэшсэн алба хаагчид урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна.
Дүүргүүдийн Иргэдийн хурал, Засаг даргаас харьяа цагдаагийн газар хэлтсүүдэд техник тоног төхөөрөмж, төсөв мөнгөний дэмжлэгийг чамлалтгүй үзүүлж байна. Тухайлбал: Чингэлтэй дүүрэг 200 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж, засварын ажил, мөн Хан-Уул, Багануур дүүргүүдийг дурьдаж болно.
Та удирдлага, зохион байгуулалтын нилээдгүй ажил хийжээ. Үүний үр дүн юу вэ?
Цагдаагийн байгууллагаас иргэдээс ирүүлсэн дуудлага, мэдээлэл нэг бүрт хяналт тавьснаар зөрчлийн шийдвэрлэлт нэмэгдэж өнгөрсөн оны мөн үеийнхээс 51301-ээр буюу 11,6 хувиар буурсан. Өнгөрсөн онд зөрчил гаргасан 2165 иргэнийг шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлж байсан бол энэ онд 5765 буюу 1,5 дахин ихээр шийдвэрлүүллээ. Албадан эмчилгээнд л гэхэд өнгөрсөн онд 335 иргэнийг эмчилгээнд явуулж байсан бол энэ онд 565 иргэнийг хамруулж 68, 7 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Мөн Нийслэл хотод 2019 оны эхний 11 дүгээр сард зөрчлийн болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 5765 хүнийг шүүхэд санал хүргүүлэн шийдвэр гаргуулсан нь өмнөх оноос 3900-аар нэмэгдлээ. Энэ нь нийт бүртгэгдсэн зөрчлийн дуудлага, мэдээллийн багахан хувийг эзэлж, зөрчил бүрт хариуцлага тооцож чадахгүй байна.
Тийм боломж ч бас учир дутагдалтай. Цагдаагийн байгууллагын анхаарал хяналтад байвал зохих бар,цэнгээний газар, объект, цэгүүдэд шөнийн цагт нэмэгдлээр шуурхай бүлэг томилон ажиллуулсан гээд алба хаагч нар маань үнэхээр чармайж байна даа.
Иргэд ч бас цагдаагийн байгууллагатайгаа хамтран ажиллах, хууль дүрмээ хэрэгжүүлэх тал дээр ахиц гарч байгаа гэж харж байна.
Эрүүлжүүлсэн иргэдийн тоо их байна. Дүүргүүдийн цагдаагийн алба хаагч нар хомроглон эрүүлжүүлж байна гэсэн гомдол санал байдаг. Үүнд та ямар хариу өгөх вэ?
Өнгөрсөн онд согтуугаар зөрчил гаргасан 49773 хүнийг эрүүлжүүлж байсан бол энэ онд 70880 болж, 42,4 хувиар өссөн. Эдгээр тоон үзүүлэлтүүд нь гэмт хэрэг буурахад тодорхой нөлөөлөх хүчин зүйл болсон юм. Ирсэн дуудлага 132900 гаруй, түүнээс 78000 буюу 48 хувьд нь л эрүүлжүүлэх арга хэмжээ авчээ.
Үүнийг хомроглол гэж хэлж болно гэж үү? Архи уусан болгоныг толгой дараалан эрүүлжүүлж байна гэсэн ойлголтоос их зөрүүтэй. Энэ 78000 гаруй хүний өөрсдийн нь амь нас эрүүл мэндийг хамгаалж, цаашид ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэн, энэ хэмжээний айл өрхийг нэг шөнө ч болов амгалан тайван хонуулсан гэхээр энэ тооны ард маш их эерэг зүйлүүд байдаг гэдгийг бас бодох ёстой.
Энгийн үгээр хэлбэл тэр хэмжээгээр зөрчлийг гэмт хэрэг рүү шилжүүлэхгүй байх, жижиг хулгайг том хулгай, хөнгөн гэмтлийг хүнд гэмтэл, гэр бүлийн хүчирхийллийг хүн амь, хүчин дээрмийн гэмт хэрэг болохоос урьдчилан сэргийлсэн гэж ойлгож болох юм.
Алба хаагч нараас ар гэртээ зориулах цаг зав олгодоггүй, ачааллаар дардаг, өдөр шөнөгүй эргүүлд явуулдаг, байнга хуралдаж ажил амралтын цагаас нь хугасалдаг гэсэн санал гомдол цахим хуудсуудаар болон зарим алба хаагч нар ярьж байдаг.
Манай зарим дүүргийн хэлтсийн дарга нарт арга барилын муйхарлал, хөдөлмөр зохион байгуулалтын оновчтой байдал, алдаа мадаг шүүмжлэл дагуулахгүйгээр хийчих ажлыг хүч түрэн хийлгэх гэж оролддог, хоцрогдсон, арга ядсан байдал ажиглагддаг. Жишээ нь: 24 цаг үүрэг гүйцэтгээд ээлжээс буусан алба хаагчийг орой нь 20.00-01.00 хүртэл эргүүлд ажиллуулдаг. Ажлын цагийн дараа орой хүртэл танхимын сургалт явуулдаг. Хий дэмий хуралдаж, үүрэг өгч байна гэж удаан хугацаагаар суулгаж, залхаадаг.
Бид нэг цагдаагийн ахлагч бүрэлдэхүүнтэй уулзаж байхад, нэг ахлагч гадаадын зарим нэг оронд цагдаагийн байгууллага нь хуралдах завгүй ажилладаг. Харин манайх ажиллах завгүй хуралдаж байдаг шүү дээ гэж ёгтлон хэлж байсан.
Түүнчлэн зарим тохиолдолд хувийн машинаар нь үүрэг гүйцэтгүүлдэг /шөнийн эргүүлд явуулдаг гэх мэт/. Тухайн алба хаагчдын хувийн амьдралд нь зайлшгүй чөлөө олгох хүсэлт гаргахад нь үл тоомсорлодог, ажил ихтэй байхад яах гээд байна чөлөө өгөхгүй гэх мэтчилэн алба хаагчаа ойлгодоггүй зэрэг байдлууд нь шүүмжлэл дагуулдаг. Энэ талаар удирдах албан тушаалтнуудад удаа дараа анхааруулж, үүрэг чиглэл өгч хэрэгжилтийг нь хянан тооцож байна. Манай зарим дарга нар дээрээс, нийслэлээс, мөн Ядамдорж дарга шахаад байна гэж хэлж үздэг юм шиг байгаа юм. /инээв/
Цагдаагийн алба хаагчийн ажлын нөхцөл болон нийгмийн баталгааны талаар ямар зохицуулалт байдаг вэ?
Тодорхой шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан иргэнийг Төрийн албанаас баталсан “Цагдаа, дотоодын цэргийн төрийн тусгай албанд анх орох иргэнээс авах шалгалтын журам”-д зааснаар сонгон шалгаруулж Цагдаагийн албанд томилдог. Ингээд “цагдаагийн тангараг” өргөснөөр цагдаагийн алба хаагчийн эрх үүрэг нь баталгааждаг. Үүргээ саадгүй гүйцэтгэх боломж нөхцөлийг ч мөн хууль, дүрмээр баталгаажуулсан байгаа. Жишээ нь: Цагдаагийн албаны тухай хуулийн 86 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...албадан эрүүлжүүлэх, саатуулах байр, улсын онц чухал объектын хамгаалалтад болон замын хөдөлгөөн зохицуулах, эргүүл, харуул, жижүүрийн албанд ажилласан 1 жилийг 1 жил 3 сараар тус тус тооцно.” гэсэн заалт байдаг. Эрэгтэй алба хаагч 25, эмэгтэй алба хаагч 20 жил ажиллаад нас залуу үедээ /37-40нас/, цэргийн алба хаасны тэтгэвэр тэтгэмж тогтоолгох эрх нь үүсч, улмаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж /40-60 сая төгрөг/, түүнчлэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /240.000 төгрөг/ -өөр тооцоход тэтгэврийн хэмжээ 1,2-1,5 сая төгрөгөөр тогтоогдож байна.Цагдаагийн албаны тухай хуулиар хөдөө суманд 5 жил ажиллавал 30 сарын тэтгэмж гээд жилээс жилд боломжууд улам сайхан болж байна. Биднийг анх цагдаад ажиллаж эхлэхэд бол ийм боломжууд байгаагүй шүү дээ. Ингээд бодохоор бид ажлаа сайн хийх юм бол төрөөс олгож байгаа цалин хангамж, боломж чамлахааргүй гэж бодож байна. Гэхдээ сэтгэл байж гэмээн сайн ажиллана шүү дээ.
Тодорхой төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгойлон хийсэн зарим ажлаас дурьдана уу?
- Энэ талаар их зүйл ярьж болно л доо. Их зүйл ч хэлж болно. Тухайлбал: Барьцаалан зээлдүүлэх газруудыг нэгдсэн санд холбуулах ажлыг зохион байгуулж, сангийн бүртгэлд цагдаагийн байгууллагаас хяналт тавьж, гэмт хэргийг илрүүлэхэд ашиглаж байна. Энэ ажлыг хэрэгжүүлснээр 400 орчим сая төгрөгийн хохиролтой 385 гэмт хэргийг илрүүллээ. Дээрх санд үйл ажиллагаа явуулж буй 850 гаруй барьцаалан зээлдүүлэх газраас байгаагаас 736 нь нэгдсэн санд холбогдож, энэ ажил 95 хувьтай байна.
- 2018 оны 12 дугаар сараас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нийтийн байрнуудын үйл ажиллагаанд шалгалт явуулснаар бүртгэл зөвшөөрөлгүй, мөн гэмт хэрэг үйлдэж болзошгүй этгээдүүдийн орогнох таатай нөхцлийг бүрдүүлж, байх тул үйл ажиллагаа эрхэлж буйгаа иргэн, аж ахуй нэгжүүдийг бүртгэн зөвшөөрөл олгодог, хяналт тавьдаг эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор ““Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн байрны үйлчилгээ эрхлэхэд дагаж мөрдөх журам”-г батлууллаа.
- Мөн Монголын Харилцаа холбооны зохицуулах хороо, Хууль зүй, Дотоод хэргийн яамнаас зохион байгуулж буй гар утсыг бүртгэх “Smartdevice.mn” системийг нэвтрүүлэх ажлыг энэ оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс туршилтын хугацаагаар ашиглаж эхлээд байна. Одоогийн байдлаар энэ системд 15303 хэрэглэгч 9919 гар утсаа бүртгүүлсэн. Үүнээс системд бүртгэлтэй 164 гар утсыг олж эзэнд нь хүлээлгэн өгсөнд иргэд талархалтай байгаа.
- Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах, худалдааны болон эрүүл мэндийн төв, зарим их дээд сургуулиудад хүний царайгаар таньдаг IP камер 142 ширхэгийг суурьлуулж, мөн нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа 1227 автобусыг камержуулсан.
- “Улаанбаатар Смарт карт” ХХК-тай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьчдилан сэргийлэх зураг, сэрэмжлүүлэг бүхий “U money” карт хэвлүүлэн, 2019 оны 09-р сарын 03-ны өдрөөс иргэдийн гар дээр худалдаанд гаргалаа.
- Харъяалах дүүргийн Засаг даргаар “Монтел, Теди орчимд гар дээрээс гар утас худалдан борлуулж буй иргэдийн үйл ажиллагааг хориглосон тухай” захирамжийг 2019 оны 05-р сарын 29-ний өдөр гаргуулан хяналт тавин ажиллаж байна.
- Үүрэн телефоны “Скайтел”, “Жи Мобайл”, “Юнител” компаниудтай хамтран богино хэмжээний сэрэмжлүүлэх мессежийг хэрэглэгчдийн гар утсанд илгээж, урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулсан гээд ярих зүйл их бий. Энэ бүхний ард алба хаагч нэг бүрийн маань хичээл зүтгэл, ард иргэдийн маань дэмжлэг туслалцаа, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа байдаг. Би бүгдийг дан ганц цагдаагийн байгууллага хийсэн гэж хэлэхгүй.
Нийслэлийн цагдаагийн газар, хэлтсүүд үйл ажиллагааныхаа хүрээнд иргэдээ хэрхэн сонсож байна? Их төлөв ямар санал гомдлууд ирж байна вэ? Иргэдээ анхааралтай сонсох нь та бүхний ажилд хэрхэн тусгагдаж байна.
Иргэдээ сонсоход онцгойлон анхаарч байгаа. Ерөөсөө л бидний ажил анхан шатны нэгжээсээ эхлээд дээд газар хүртлээ иргэдийн хамтын ажиллагааны талбар. Нийслэлийн цагдаагийн Удирдах газраас 1800-1102 гэсэн тусгай дугаарын утсаар 24 цагаар үйл ажиллагааны талаар, 126 тусгай дугаарын утсаар алба хаагчийн сахилга, хариуцлагын талаар тус тус иргэдээс санал, гомдол, мэдээлэл хүлээн авч ажилладаг.
Ингэхэд иргэдээс ихэвчлэн бар цэнгээний газруудын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, залилан мэхлэх гэмт хэргийн хохирлыг барагдуулахгүй байна, хэрэг удаан шийдэж байна, шалгалтын явц ямар байгаа талаар бидэнд огт мэдээлэл алга байна, дуудлага өгөхөд удаан ирж байна, дуудлагад ирчхээд тодорхой арга хэмжээ авсангүй, хулгайд эд зүйлээ алдаад олохгүй байна, алба хаагчийн зан харьцаа, мэргэжлийн ур чадвар, доголдолтой байгаа талаар ирдэг. Энэ бүхэнд бид хяналт шалгалт явуулж, тодорхой арга хэмжээ авч иргэнд хариу өгдөг.
Мөн алба хаагчийнхаа сахилга хариуцлагыг сайжруулах, эрх зүйн мэдлэгийг нь дээшлүүлэх чиглэлээр ч анхааран ажиллаж байна.
Энэ дашрамд хэлэхэд санал гомдолтой алба хаагч, иргэн байгаа бол бидэнтэй, надтай ажлын болон ажлын бус цагаар холбогдож болно.
Танай байгууллагын байрны дээр “ТАЙВАН ХОТ- ТАНЫ ОРОЛЦОО” гэсэн уриа байгаа нь их сайхан харагдаж байна.
Бидний уриаг олж харсанд баяртай байна. Цагдаагийн байгууллагаас явуулж байгаа ажлуудыг иргэд их дэмжиж байгаа. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын үр дүн дан ганц цагдаагийн үйл ажиллагаагаар хэмжигдэхгүй. Үүнд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо их бий. Бидний үйл ажиллагааг дэмжин ажилладаг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууддаа энэ ярилцлагаараа дамжуулан талархал илэрхийлье.
Тайван хотыг бүрдүүлэхэд энэ хотод амьдарч байгаа хүн бүрийн оролцоо, идэвхи санаачлага чухал. Иргэд маань өөрсдөө санаачлага гарган байр, орц, гудамж, хороогоороо нэгдэн орчин тойрноо гэрэлтүүлэн, камержуулж байгаа нь эерэг хандлага юм. Мөн иргэдийн хүсэл зорилго дээр тулгуурлан гудамж, талбай, олон нийтийн газарт иргэдийн эргүүлийг тогтмол зохион байгуулан явуулж байна. Үүний нэг хэлбэр нь өөрсдийн амьдарч байгаа нутаг дэвсгэрт нийтийн хэв журам хамгаалах үүргийг цагдаагийн алба хаагчидтай хамтарч гүйцэтгэж байгаа олон нийтийн цагдаа, урамшилт эргүүл юм. Тэдэнд олгодог урамшууллыг Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын зардалд жил бүр тусгадаг. Бид цаашид ч гэсэн иргэдийнхээ хамтын ажиллагаа идэвхи санаачлагыг нэмэгдүүлэх чиглэлээр олон ажлуудыг хийхээр төлөвлөөд байгаа. Тайван хотыг бүрдүүлэхэд та бүхний оролцоо чухал гэдгийг дахин хэлэхийг хүсэж байна.
Иргэд цагдаагийн ажлыг гол төлөв эргүүлийн цагдаа, хэрэг шалгадаг алба хаагчаар төсөөлдөг. Цагдаагаас хэрэг шалгадаг, мөрддөг ажилтан болох боломж байдаг уу?
Ахлагч бүрэлдэхүүнээс ямар ч цаг үед яригддаг нэг асуудал бол офицер болох асуудал байдаг. Офицер болно гэсэн хүсэл зорилгогүй ахлагч нэгээхэн ч үгүй болов уу. Гэхдээ цагдаагийн байгууллагын бүх ахлагч нар офицер болно гэвэл ахлагч бүрэлдэхүүний ажлыг хэн хийх билээ. Алба хаагчдын зүгээс “би дээд сургууль төгсөөд одоог хүртэл офицерын бүрэлдэхүүнд орж чадаагүй байхад сүүлд томилогдсон алба хаагч офицер болчихлоо” гэсэн гомдол бол бараг тасрахгүй. Энэ бүхэнд дүгнэлт хийж, хүний нөөцийн судалгаа явуулна. Улмаар шалгуур үзүүлэлтийг хангасан байдлаар нь эрэмбэлээд үүнийг ил тод буюу цахимд байршуулсан. Өөрөөр хэлбэл эрэмбэ дарааллаар дэвшинэ гэсэн үг. Манай газраас 2017 онд 92, 2018 онд 163, 2019 онд одоогийн байдлаар 182 алба хаагч офицерын бүрэлдэхүүнд ороод байна.
Цагдаагийн байгууллагын алба хаагчдаас албан үүрэг гүйцэтгэхэд бэрхшээл хүндрэлтэй асуудлууд хэр зэрэг тулгардаг вэ?
Ажил хийж байхад бэрхшээл, хүндрэл мундахгүй дээ. Цагдаа бол төсөв мөнгө, хүн хүчний нөөц эс хүрэлцэж байсан ч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байх үүрэг, тангарагтай алба. Харин амьдрал практик дээр хууль сахиулахад хүндрэлтэй асуудлууд зарим тохиолдолд гардаг. Гэвч хүний эрх зөрчигдөх, алба хаагчийн эрх ашиг хохирох зэрэг эрсдэл гарч болохгүй учраас бид хуулиа зөв ойлгон нэг мөр хэрэгжүүлж ажиллана. Хүний нөөцийн асуудал хэдийгээр хангалттай биш байгаа ч цөөдөхгүй байхаар зохицуулалт хийж ажиллахыг хичээдэг дээ.
Хуучин Захиргааны хариуцлагын тухай хуулиар цагдаагийн алба хаагч чиг үүргийнхээ дагуу бие даан шийдвэрлэдэг байсан гэр бүлийн маргаан, шинэ Зөрчлийн тухай хуулиар заавал шүүхээр орж шийдвэрлэгддэг болсон нь шийдвэрлэх хүртэлх хугацаанд зөрчил гаргасан этгээдийг хянан харгалзах боломжгүйгээс уг этгээд дахин зөрчил гаргадаг, дуудсан цагт ирдэггүй алга болдог зэрэг байдлуудаас тухайн зөрчлийг хуулийн хугацаанд шуурхай шийдвэрлэхэд хүндрэл учруулдаг.
Нийслэл хотын дэн буудлуудаа цэгцлээч ээ. Тэнд чинь хууль бус үйл ажиллагааг цэцэглэж байна гэсэн иргэдийн гомдол, санал шүүмжлэлийг та уншиж сонсож байсан биз дээ? Цэгцлэх арга хэмжээг хэрхэн авч байна?
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 400 орчим дэн болон зочид буудал байдаг. Тэнд маш олон хууль зөрчсөн зөрчлүүд байдаг. Тэдгээрт үйлчлүүлж байгаа иргэд архидан согтуурсны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдэх, мөн тухайн аж ахуйн нэгж өөрөө энэ байдлыг өөгшүүлэх нөхцөлийг бүрдүүлчихсэн байдаг. Гэтэл “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт аялал жуулчлалын байр сууцны үйл ажиллагаа эрхлэх журам”-ын цагийн хуваарийг баримтлан согтуу хүн, 21 нас хүрээгүй хүнд үйлчлэхийг хориглосон заалт байгаа боловч ямар хуулийн заалтаар арга хэмжээ авах нь тодорхойгүй “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль”-нд ч тодорхой тусгагдаагүй байдаг.
Энэ асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр энэ оны 5 сард Нийслэлийн аялал жуулчлалын газар, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газартай хамтран хэлэлцүүлэг зохион байгуулснаар дэн болон зочид буудал, амралтын газар, гэр буудлуудад Нийслэлийн аялал жуулчлалын газраас зөвшөөрөл олгохдоо Нийслэлийн цагдаагийн газраас санал авдаг болсон. Үүнээс үүдэн удаа дараа гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн, стандартын дагуу камержуулаагүй байгууллага аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй байхаар шийдвэрлээд байна.
Ер нь дэн буудлууд нь биеэ үнэлэлт зохион байгуулах орчин болдог гэдгийг хаа хаанаа анхаарах ёстой байх. Энэ онд бусдад биеэ үнэлсэн, бусдын биеийг үнэлж авсан 130 зөрчил, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, орон байраар хангасан 37 зөрчил тус тус илрүүлсэн.
Цахим тоглоомын үйл ажиллагаа явуулдаг газруудыг ч орхигдуулж боломгүй санагддаг. Энэ талаар ямар ажил хийв?
Интернэт, цахим тоглоомын чиглэлээр 302 иргэн, аж ахуй нэгж байгууллага нийслэл хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Энэ газруудад хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд шалгалтаар цагийн хувиар хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан, цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, насанд хүрээгүй хүнд үйлчилгээ үзүүлсэн, мөн галын аюулгүй байдлын журмыг биелүүлээгүй, хөдөлмөр, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй зэрэг зөрчлүүд ихэвчлэн илэрдэг.
Цахим тоглоомын орчинд хулгай, дээрэм, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэх мэтийн гэмт хэргүүд үйлдэгдэх, түүнчлэн өсвөр насны хүүхдүүд цахим донтолт руу уруу татагдаж буй хүчин зүйлс болоод байна. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн 2 жил 200 орчим хүүхэд хэвтэж эмчлүүлсэн нь анхаарах зүйл юм. Мөн Зөрчлийн тухай хуульд цагийн хуваарь хэтрүүлэн ажилласан тохиолдолд арга хэмжээ авах талаар заалт байдаггүй нь хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг.
Цаашид энэ ажлын хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж ажиллах гэж байна?
Дэн болон зочид буудал, саун массаж, интернэт, цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зохицуулах журмуудыг нэг мөр хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын түвшинд авч нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн гаргах, ажлын байранд тавигдах шалгуур үзүүлэлтийг нэмэгдүүлж, хүлээх хариуцлагыг өндөрсгөх шаардлагатай байна. Тухайлбал: Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгээс 500 метр дотор зайд интернэт, цахим тоглоомын чиглэлээр үйл ажиллагаа явуулахыг хориглох; удаа дараа зөрчил гаргаж бүртгэлийн гэрчилгээг цуцлуулсан иргэн, аж ахуй, нэгж, байгууллага, барилга, байгууламжид дахин бүртгэлийн гэрчилгээ олгохгүй байх зэрэг саналыг журамд тусгах шаардлагатай байна.
Ярилцлагынхаа төгсгөлд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаас иргэддээ хандаж хэлэх үг юу байх бол?
Бидний үйл ажиллагааг иргэдийн санал гомдол, урам дэм, хамтын ажиллагаанаас салгаж ойлгох боломжгүй юм. Би энэ албан тушаалд томилогдоод л алба хаагчдаас иргэдийг чирэгдүүлдэг асуудлыг таслан зогсоож, иргэдэд ИТГЭЛ ТӨРҮҮЛЭХҮЙЦ ХҮНДЛЭЛТЭЙ харилцаа үүсгэх арга барилд сургах ажлыг зохион байгуулна гэсэн зорилтыг ажил хэрэг болгохыг чухалчилсан. Бидний ажил энэ үгэндээ багтаж, олон төрлийг арга хэлбэрээр хэрэгжиж байна.
Алдаа оноо байхыг үгүйсгэхгүй. Иргэд та бүхэн бидний талаар санал шүүмжлэлийг дээр дурьдсан тусгай дугаар болон харьяа дүүргийнхээ хэлтсийн эрх бүхий албан тушаалтан хэнд ч болов хандаж болно.
Эх сурвалж: Өдрийн сонин
|