Гадаадын тагнуулын албатай хамтарч байсан ИРГЭНД найман жил ХОРИХ ЯЛ оноов
Манай улсын иргэн А.Адъяа гадаадын тагнуулын албатай хамтран ажиллаж, тэдэнд дамжуулах зорилгоор төрийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл цуглуулж байсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газрын ажилтнууд илрүүлжээ. Улмаар нууц мөрдөн шалгах ажиллагаа явуулснаар түүнийг харийн тагнуулынхантай нууцаар хамтран ажиллаж буйг нотлох баримтаар тогтоосон аж.
А.Адъяад холбогдох Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 5-нд хэлэлцэж, Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлд заасан “Гадаадын тагнуулын алба, байгууллага, иргэнтэй хууль бусаар хамтран ажилласан” гэм буруутайд тооцон найман жил хорихоор болж, нээлттэй хорих ангид ялыг нь эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Сүүлийн жилүүдэд гадаадын тусгай албадаас манай улсын эсрэг явуулж буй тагнан, турших болон бусад хууль бус үйл ажиллагаандаа манай иргэдийг татан оролцуулах үйлдэл нэмэгдэх болсон. Энэ нь эргээд Монгол Улсын төрийн нууцад хамаарах мэдээлэл гуравдагч этгээдэд алдагдах гол шалтгаан болж байгаад хаана, хаанаа анхаарах шаардлагатай болжээ.
Г.РАВЖАА
Эх сурвалж: Өнөөдөр сонин