Ээлжит мал тооллого орон даяар эхэллээ
Монгол орон даяар энэ сарын 7-ны өдөр ээлжит мал тооллого эхлэж байна.
Өнгөрсөн 2018 онд манай улсад 66.5 сая толгой мал тоологдож, өмнөх оноосоо 241.2 мянган толгойгоор буюу 0.4 хувиар өссөн талаар Үндэсний статистикийн хороо мэдээлж байв.
Малын сүргийн бүтцэд сүүлийн 20 гаруй жил маш том өөрчлөлт гарсан байдаг. Тухайлбал, 1970 онд 13.3 сая хонь, 4.2 сая толгой ямаатай байсан бол 2003 оноос хойш хонь, ямаа хоёрын харьцаа эсрэгээрээ өөрчлөгдсөн. Үр дүнд нь 1990 онд нийт малын 19.8 хувийг эзэлж байсан ямаан сүрэг өдгөө 40.8 хувьд хүрээд буй.
Мал тооллогоор зөвхөн малаа бүртгэхээс гадна малчин өрхүүдийн дэлгэрэнгүй судалгааг Үндэсний статистикийн хороо хийдэг.
Өнгөрсөн оны мөн үед 231 мянган "Малтай өрх", үүн дотроо 170 мянган "Малчин өрх"-ийн нийт 620 мянган хүний аж байдлын судалгааг гаргажээ.