Н.МӨНХ-ИТГЭЛ: Цагдаагийн байгууллага 2019 онд гэхэд л нийт найман АЯНЫГ зохион байгуулж, БОДИТ ҮР ДҮНД хүрлээ

2019 оны 12 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Мөнх-Итгэлтэй ярилцлаа.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэнд хүргэе. 

Баярлалаа. Танд бас энэ өдрийн мэнд хүргэе.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа ”ОйлГОЁ-ХҮНдэлье” арга хэмжээ их идэвхтэй өрнөж байгаа харагдаж байна. Арга хэмжээ зохион байгуулах болсон гол шалтгаан юу байв? 

Цагдаагийн байгууллага сүүлийн жилүүдэд гэмт хэргийг үйлдсэнийх нь дараа ихээхэн хүч хөрөнгө, цаг хугацаа зарцуулж илрүүлэх биш, харин урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулж, гаралтыг бууруулах бодлого баримтлан ажиллаж байна. Тийм ч учраас гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн судалгаанд үндэслэн урьдчилан сэргийлэх ажлыг иргэдийн эрх зүйн боловсрол, тухайн гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаарх ойлголтыг дээшлүүлэх, нийгэмд эерэг хандлага төлөвлшүүлэхэд чиглэсэн нөлөөллийн шинжтэй ажлуудыг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлж байна. 

Цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн статистик тоон мэдээнээс харахад, улсын хэмжээнд энэ оны эхний 10 дугаар сарын байдлаар 28.599 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 2926 хэргээр буюу 9.3 хувиар буурсан хэдий ч, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 884 бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 18 хэргээр буюу 2.1 хувиар өссөн бөгөөд ихэвчлэн 25-40 насны хүмүүс үйлдсэн байна.

Эрүүгийн хуульд зааснаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих, хүнийг амиа хорлоход хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас хоёр жил хүртэл хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан. 

Мөн Зөрчлийн тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар заасан.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил нь хайртай дотны хүмүүсийн хүрээнд цоожтой хаалганы цаана, өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг айдас түгшүүрт автуулж, давтан үйлдэгддэг. Нөгөө талаар гэр бүлийн үнэ цэнэ, хувь хүний нууцлал, нэр хүндтэй холбоотой эмзэг асуудлууд хөндөгддөг учраас ихэвчлэн нуугдмал хэлбэртэй байдаг.

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн судалгаагаар гэр бүлийн хүмүүс аливаа асуудлаас үүссэн маргаан, бухимдлаа шийдвэрлэхдээ харилцан бие биенээ ойлгож, хүндэлдэггүйн улмаас энэ нь даамжирсаар хүчирхийлэл үйлдэгдэх нөхцөл болж байна.

Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийг сурталчлан таниулах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, хор уршгийг бууруулах, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, хүчирхийллийг үл тэвчих, нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор “ОйлГОЁ-ХҮНдэлье” аяныг энэ оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Энэхүү арга хэмжээ нь аливаа хэлбэрийн хүчирхийллээс ангид байхын тулд бие биеийнхээ эрхийг хүндэтгэж, харилцан ойлголцох, эерэг харилцааг эрхэмлэхийг уриалсан, эерэг нөлөөллийн шинжтэйгээр зохион байгуулагдаж байгаагаараа онцлог. 

Тус аяны хүрээнд ямар, ямар байгууллага дэмжин оролцож байна вэ?

Энэхүү аяныг НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна. 

Аяны арга хэмжээг иргэд, олон нийт маш таатай хүлээн авч, их дэмжиж байгаа. Зарим иргэд, байгууллагаас та бүхэн нийгэмд хүлээгдэж байсан хамгийн чухал сэдвийг хөндсөн сайхан арга хэмжээ зохион байгуулж байна гээд утсаар болон цахимаар удаа дараа талархал ирүүлж байна.

Энэхүү аяны арга хэмжээнд Улсын Их Хурлын дарга, гишүүд, Засгийн газрын яамдууд, аймаг, нийслэл, сум, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд, Монгол цэргийн нэгдсэн холбоо төрийн бус байгууллага, зэвсэгт хүчин, дотоодын цэрэг, хил хамгаалах, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага зэрэг тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд, эрүүл мэндийн салбар, их, дээд сургуулийн эрдэмтэн багш, ажилчид, иргэд, оюутан, залуус, урлаг, соёл, спортын алдар гавъяатнууд гээд нийгмийн бүхий л давхарга нэгдэн орж, дэмжиж байгаагаа илэрхийлж, улам өргөжиж байна. 

Нэгдэн орж байгаа иргэд, байгууллагын давалгаа ямар өргөн хүрээнд явагдаж байгаа, ямар ач холбогдолтой арга хэмжээ болж байгааг та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд нийтлэгдэж байгаа мэдээ, мэдээлэл, иргэдийн сэтгэгдэлээс харж байгаа байх. Үүнд хамтран зохион байгуулж байгаа байгууллагуудын алба хаагч, ажилчид маш их урам зориг авч, улам хичээн ажиллаж байгаа. 

Урьд өмнө зохион байгуулсан олон арга хэмжээний үр дүн ямар байв? Тухайлбал, Нэг хором, Яараад яахав дээ,  Дураараа бишээ дүрмээрээ арга хэмжээг явуулснаар гэмт хэрэг, зөрчил буурсан гэж байсан?

Тиймээ. Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын чанар, үр дүнг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж ажилладаг. 

Ялангуяа, сүүлийн 2 жил гаруйн хугацаанд Цагдаагийн ерөнхий газраас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ялангуяа хүүхэд хамгаалал болон гэр бүлийн хүчирхийлэл, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, цахим орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, бууруулах, үүнд төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, идэвх оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон төрлийн ажил, арга хэмжээг авч хэрэгжүүлэн тодорхой ахиц гарч, үр дүнд хүрч байгаа. 

Энэхүү ажлыг зохион явуулахдаа цагдаагийн байгууллагын төв, орон нутгийн бүх байгууллагууд шат шатандаа удирдлага, зохион байгуулалтын оновчтой, зөв зохион байгуулалтад орж, удирдах албан тушаалтан, алба хаагч бүгд нэг зорилго, нэг сэтгэлээр ажиллаж байгаатай холбоотой болов уу. Ер нь цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил бол хувь хүний сэтгэл, хариуцлага, үр дүн дээр тогтдог гэж би хувьдаа боддог. 

Урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийн үр дүнд иргэдийн амь нас, эрүүл мэнд хохирох болон дээрх төрлийн гэмт хэрэг, зөрчил болон иргэд, байгууллагад учрах хохирол буурсан эерэг үзүүлэлтүүд их гарсан.

Тухайлбал, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор зохион явуулсан

  • "Нэг хором" арга хэмжээний хугацаанд энэ төрлийн гэмт хэргийн гаралт 18.0 хувиар,
  • Зам, тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн “Яараад яахав дээ” арга хэмжээний хугацаанд хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 50.8, гэмтсэн хүн 49.7, нас барсан хүн 11.7 хувиар тус тус буурч, үүнээс орон нутагт үйлдэгдсэн хэрэг 63.9, гэмтсэн хүн 59.5, нас барсан хүн 21.7 хувиар, цагдаагийн байгууллагад энэ оны эхний 11 сарын байдлаар улсын хэмжээнд 30011 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 3869 хэргээр буюу 11.4 хувиар тус тус буурсан зэрэг эерэг үзүүлэлтүүд байгаа. 

Урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөлөл, идэвхжүүлэлтийн арга хэмжээнүүдийг үр дүнтэй зохион явуулснаар иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг авран хамгаалж, эрх зүйн боловсрол олгох, зөв хандлага төлөвшүүлэх ажилд ахиц гарахын зэрэгцээ нөгөө талаар цагдаагийн байгууллагад ирэх дуудлага мэдээлэл, өргөдөл гомдол, алба хаагчдын шалган шийдвэрлэх эрүүгийн болон зөрчлийн хэрэг, материал багасч, тэдний ажлын ачаалал буурах, эдийн засаг, санхүүгийн хувьд ч хэмнэлт үүсэх маш олон давуу талтай байдаг. 

Энэ дашрамд хэлэхэд, Цагдаагийн ерөнхий газар, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран хэрэгжүүлсэн “Нэг хором” аян Эстони Улсын Таллин хотод зохион байгуулагдаж буй JCI байгууллагын 2019 оны дэлхийн чуулганд 200 гаруй орны шилдгийн шилдэг төсөл хөтөлбөрүүдээс шилдэг гуравт, Оюутолгой, Мобиком компаниудтай хамтран хэрэгжүүлсэн “Яараад яахав дээ” аян Unplug-ийн нэг хэсэг болох “Unread Awards 2019” шалгаруулалтын “Шилдэг санаачилга” номинацид шалгарсныг дуулгахад таатай байна.

Цагдаагийн байгууллага ирэх 2020 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын ямар бодлого, чиглэл баримтлахаар төлөвлөж байна. Цаашид урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ямар үйл ажиллагаа явуулах гэж байна вэ?

Улсын Их Хурлаас энэ оны 06 дугаар сард Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэлсэн найруулгыг хэлэлцэн баталсан. Хууль 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлнэ. Бид ирэх онд иргэд, олон нийтэд хуулиа сурталчлан, таниулах, хуулийн талаар иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид нэг мөр ойлголт өгч, хэрэгжилтийг хангуулах ажлаас эхэлнэ. Ер нь урьдчилан сэргийлэх ажлын маань зорилго бол гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх, бууруулах, нуугдмал гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, иргэдэд эрх зүйн боловсрол олгож, ухамсар, соёлыг дээшлүүлэх, гэмт халдлагаас хамгаалах явдал. 

Бид  Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуульд заасан гэмт хэрэг, зөрчлөөс хамгийн ихээр буюу дийлэнх хувийг эзлэн үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулах чиглэлээр үр дүнтэй ажиллаж чадвал түүний нөлөөллөөр 10 гаруй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлж, бууруулж чаддаг. Тийм болохоор бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн гаралт, шалтгаан нөхцөлийн судалгаанд үндэслэн хэд хэдэн төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой ажил, арга хэмжээнүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.  

Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх ухуулга, нөлөөллийн ажил бол нэг, хоёр удаа яваад иргэд, олон нийтэд зөв хандлага төлөвшин тогтох боломжгүй байдаг болохоор бид энэхүү ажлуудаа улам боловсронгуй болгож, тухайн гэмт хэрэг, зөрчлийн төрөл, хэлбэрт тохируулан үр дүнтэйгээр үргэлжлүүлэн явуулж, нийгэмд зөв хэвшил хандлага, эерэг нөлөөлөл төлөвшүүлэхээр ажиллана.

Мөн орчин үеийн дэвшилтэд техник, технологийг цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд өргөнөөр нэвтрүүлэн урьдчилан сэргийлэх ажилд ашиглахаар холбогдох алба, нэгжүүдтэйгээ хамтран ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд чиглэсэн ухуулга, нөлөөллийн олон ажил хийлээ. Үүнээс иргэд ямар төрлийн мэдээллийг илүү хүлээн авч байна вэ? 

Иргэд, олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас өнгөрсөн хугацаанд явуулсан бүхий л аян, арга хэмжээнүүдийн хүрээнд бүтээгдсэн видео контентууд, мэдээ, мэдээллийг сонирхон хүлээн авч байсан.

Ялангуяа хүний эрүүл мэнд, гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулсан ажлууд хамгийн их үр дүнд хүрсэн ажлууд болсон гэж иргэд дүгнэсэн. 

Нийгмийн хөгжлөө дагаад иргэдийн мэдээ, мэдээлэл авах суваг их өргөн болсон. Өнөөдөр иргэд интернэт орчин, гар утсаараа хаанаас ч, хэзээ ч хэрэгтэй мэдээ, мэдээллээ олж авч чаддаг. Тийм болохоор бид иргэддээ ухуулга, нөлөөллийн мэдээ, мэдээллийг цахимаар өгөхөд бас анхаарч ажилладаг.  Ер нь  иргэдэд эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, хүн хүндээ сайхан сэтгэлээр хандах, бусдад тусламж дэмжлэг үзүүлэх, хайрлах, хүндэтгэх зэрэг сэдвээр бүтээгдсэн видео контентууд илүү олны талархлыг хүлээж байна.

Бид нийгэмд хүргэж байгаа контентуудаа олон нийт хэр хүлээн авч, хариу үйлдэл үзүүлж байгаад дүн шинжилгээ хийж, цаашид хийх ажлаа улам сайжруулах чиглэлээр анхаарч ажилладаг. 

Өнөөдрийг хүртэл гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд байгууллагын оролцоо дэмжлэг хэр байв? 

Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд Хууль зүй, дотоод хэргийн сайдын даргалсан Монгол Улсад Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын даргалсан орон тооны бус зөвлөл удирдан зохицуулдаг. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр холбогдох хууль тогтоомжид зааснаас гадна энэхүү зөвлөлөөс гарсан шийдвэрийг цагдаагийн байгууллага төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, иргэд, олон нийтийн оролцоотойгоор хэрэгжүүлдэг. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлүүд, Хамтарсан баг, урамшилт эргүүл, хүүхэд хамгаалагч, school police, иргэд, олон нийт, бүлгэмүүд маш их дэмжлэг, туслалцаа үзүүлж хамтран ажилладаг.

Цагдаагийн байгууллагаас зохион байгуулж байгаа урьдчилан сэргийлэх ажилд төр засаг, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн оролцоо, дэмжлэг улам нэмэгдсэн. Урьдчилан сэргийлэх ухуулга, нөлөөллийн ажил, арга хэмжээнүүдийг иргэд эергээр хүлээн авч байна. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд гарч байгаа бодит үр дүн юм. 

Ер нь аж ахуйн нэгж, байгууллагууд маань нийгмийн хариуцлагын өмнө хүлээсэн үүргээ их ухамсарладаг болсон. Цагдаагийн байгууллагаас урьдчилан сэргийлэх ажил, арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулахад маш олон байгууллага, хамт олон, иргэдийн оролцоо, хамтын ажиллагаа байдаг. Бид ийм ажил, ийм аян хийж байна гэхэд бүхий л байгууллага, аж ахуйн нэгжүүд, манай урлаг, соёл, спортын алдартнууд, мэргэжлийн холбоод бүгд дэмжин уриалж оролцож байна. 

Энэхүү завшааныг тохиолдуулан, танай сониноор дамжуулж цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажилд бүхий л талаар дэмжлэг үзүүлж, хамтран ажилладаг бүх байгууллага, аж ахуйн нэгж, тэдгээрийн бүтээлч сэтгэлгээтэй, найрсаг харилцаатай, хөдөлмөрч хамт олон, иргэддээ цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ажилтнуудынхаа өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг аюул, эрсдлээс хамгаалж, алба хаагчид маань урам зоригтой, сэтгэл өөдрөг ажилладаг юм шүү гэж хэлэхийг хүсч байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
2
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
611362
12 эможи

Зочин
2019-12-09 13:18
Зочин
2019-12-09 11:31
Яасан хүүхдээрээ цайрайтай дарга вээ
keyboard_arrow_up