СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өөрийн төрсөн охиноо хүчиндсэн этгээдийг хорилоо
Монгол улсын хэмжээнд бага насны охидыг биеэ хамгаалах чадваргүйг нь мэдсээр байж зүй бусаар хүчинддэг гэмт хэрэг гарсаар байна. Хамгийн харамсалтай нь өөрийн төрсөн охиноо хүчиндсэн хэрэг гарч олныг цочирдуулсаар.
Бэлгийн хүчирхийллийн тохиолдлын 80аас дээш хувь гэр бүлийн хамаарал бүхий этгээдүүд үйлдсэн байдаг гэсэн тоон судалгаа бий. Охид өөрийн хамгийн хайртай, хамгийн их итгэж найддаг тэр нь хүмүүсдээ хүчиндүүлснээр насан туршдаа хар толботой үлддэг.
Бэлгийн хүчирхийлэлд өртсөн охид эмэгтэйчүүд сэтгэл санааны хүнд үеэ давж гарахгүй өөрийн амиа хорлох үзэгдэл бий. Хэдий сэтгэл санааны эмчилгээ хийлгэсэн ч насан туршдаа сэтгэлдээ хар толбо тээн үлддэг хэмээн сэтгэл зүйчид онцолдог билээ. Уншигч таньд сэрэмжлүүлэг болгох үүднээс төрсөн охиноо ёс бусаар хүчиндсэн тохиолдлыг мэдээллэх гэж байна.
Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Мандал суманд байнгын оршин суух хаягтай 31настай эрэгтэй гэртээ хүнгүй үеэр төрсөн 12 настай охиноо хүчинджээ.
Уг хэрэг арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн оройн 20 цаг орчимд үйлдэгдсэн бөгөөд охин хөрш айлдаа хэлж улмаар цагдаад мэдэгджээ. Уг хэргийг Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шалгаж эхэлсэн ба төрсөн охиноо хүчиндсэн этгээдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.
АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ ХҮНИЙ БЭЛГИЙН ЭРХ ЧӨЛӨӨ, ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 12.1 дүгээр зүйл
Хүчиндэх 1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг: 2.1.арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндэж; /Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/ 2.2.бүлэглэж; 2.3.гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж; 2.4.хохирогчийг жирэмсэн болгож; 2.5.хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж; 2.6.хоёр, түүнээс олон хүнийг хүчиндэж; 2.7.урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн; 2.8.харгис хэрцгий аргаар; 2.9.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж; /Энэ заалтыг 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/ 2.10.хохирогчийг тохуурхан доромжилж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 3.Энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, эсхүл арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон; гэр бүлийн хамаарал бүхий арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 4.Энэ гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн; энэ гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар: -Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно. -Бага насны хүүхдийн эсрэг энэ гэмт хэргийг үйлдсэнд тооцоход энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан аргаар үйлдсэн байхыг шаардахгүй. -“Бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл” гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтнээ оруулсан; хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн, эсхүл өөр зүйл оруулсныг ойлгоно.
У.УРАНЦЭЦЭГ