Төрийн буруу шийдвэр ба хог дээр хаягдсан арьс, шир
Малчид малынхаа түүхий эдийг зарж чадахгүй хохирч байна
Манай улс 60 сая хол давсан малтай. Гэвч малынхаа түүхий эд, арьс ширийг боловсруулж бүтээгдэхүүн болгох үйлдвэр дутмаг. Үүн дээр Засгийн газар нь хөрсөн дээр буугаагүй тогтоол журам баталснаас болоод түүхий эд, арьс шир хог дээр гараад өнө удаж байна. Малчид нь жилийн дөрвөн улирал хүйтэнд хөрж, халуунд халж мал сүргээ тарган тавтай онд оруулах гэцгээдэг ч малынхаа үр шимийг зуун хувь хүртэж чадахгүй байсаар өнөөдрийг хүрсэн нь “Эмээлт” зах руу дөхсөн хэнд ч мэдрэгдэх нь хайран. Өвлийн идэш, үүцний цаг эхэлж байгаа энэ үед адуу, үхрийн ширээ борлуулаад арван литр бензин бүү хэл олигтойхон нэгж ч утсандаа хийж чадахгүй эмгэнэл дунд амьдарч буйгаа малчид халаглан ярьж байна. Бид арьс, шир хэрхэн үнэгүйдэж байгааг газар дээрээс нь сурвалжилахаар түүхий эдийн худалдааны гол цэг “Эмээлт”-ийг зорилоо.
2017 оноос хойш нэг ч адууны шир хилээр гаргалгүй хоёр жил гаруйн хугацаанд хурааснаас болж 600 мянга гаруй шир энд өмхийрч байлаа. Малчид болон ченжүүдийн толгойн өвчин болчихсон байсан арьс ширний асуудал хилээр гаргаснаар цэгцэрсэн. Үүнээс хойш нэг ч арьс түүхий эд гараагүй. Хашаатай компаниуд нь хашаагаараа дүүрэн арьс ширээ дэлгэж, жижиг гарын ченжүүд нь жижигхэн ТҮЦ-ийнхээ урд бололцоогоороо арьс, дэл, сүүл, гүзээгээ хураан тавьжээ. Арьс шир өгч байгаа хүн ховор байв. “Түүхий эд авна” хэмээсэн том том хашааны ихэнх нь хүнгүй, хоосон байлаа. “Их зам транс” ХХК гэх хаягтай хашаанд залуучууд дуу аялан чанга чанга ярьцгааж хоёр залуу машин дээрээс арьсаа буулгаж байхтай таарлаа. Харин дөрвөн залуу нь адууны ширний сүүлийг сүхээр тастаж цааш шидлэх юм. Тэднийг ахалж байгаа бололтой ахимаг насны хүн залуусын хөдөлгөөнийг ажиглан зогсоно. Түүнийг зорьж очоод юу хийж байгааг нь тодрууллаа. Мөн түүхий эдийн үнэ ханш, борлуулалт ямар байгааг лавлав. Тэрбээр “Ширнийхээ сүүлийг тастаж авч байгаа юм. Арьс нь үнэд хүрэхээ байсан. Тиймээс адууны ширийг 10 мянган төгрөгөөр аваад сүүлийг нь үйлдвэртээ угааж самнаад экспортод гаргадаг” гэхээс өөр мэдээлэл өгсөнгүй. Тэрбээр “Эмээлт” түүхий эдийн захад 10 гаруй жил ченж хийж байгаа бөгөөд адууны шир үнэгүйдэж, ашиглах үйлдвэр байхгүй болсон. Гэхдээ мөнгөөрөө авчихсан ширээ хаяж чадахгүй дэмий л хурааж байна гэсэн юм.
Ченжүүд түүхий эд экспортлох журам гарч магадгүй гэсэн горьдлого тээж байгаагаа ч нуусангүй. Нэрээ хэлэхээс татгалзаад “Манай хашаанд л гэхэд 2000 гаруй адууны шир байна. Засгийн газраас 2018 оны аравдугаар сарын 3-ны өдөр “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 291 дүгээр тогтоол гаргаж, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс, ширийг гаргахгүй байхаар хориглосон. Хилээр арьс, ширийг түүхийгээр нь гаргахгүй байгаатай холбоотойгоор малын гаралтай түүхий эдийн үнэ унаж хог дээр хаягдаж байна” хэмээсэн юм.
ХЯТАД РУУ ТҮҮХИЙ ЭД ГАРГАХ ТОГТООЛ ГАРАХЫГ ХҮЛЭЭЖ БАЙНА
“Эмээлт” зах дээр ямааны арьс 30 мянган төгрөгийн ханштай байна. Харин хонины нэхий 100-200 төгрөг. Үхрийн шир 5000-6000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Адууны ширний тухайд 8000-10000 төгрөгийн үнэтэй байгаа ч цааш нь борлуулах газаргүй учраас үйлдвэртэй компани нь зөвхөн сүүлийг нь тастаж угаагаад хятад руу гаргаж байна. Харин хувиараа арьс шир авдаг ченжүүд авсан түүхий эд, дэл сүүлээ цааш нь борлуулж чадахгүйд хүрээд байна. Тиймээс бүтэн жилийн турш хашаандаа хадгалж байна гэдгийг уулзсан ам нээсэн ченжүүд үгссэн мэт хэлцгээж байна. Бидэнд тус захад арваад жил үйл ажиллагаа явуулж байгаа Х.Баатар дараах мэдээллийг өглөө. Тэрбээр “Малын гаралтай түүхий эдээр баялаг улс орон хэрхэн үүнийгээ борлуулах, бүтээгдэхүүн болгох зөв бодлого байхгүйгээс малын ашиг шимийг хүртэж чадахгүйд хүрдэг. Монгол Улс бол ийм л орон. Салбарын сайд нь малчидтайгаа уулзахдаа “Энэ салбарт анхаарч мал болон түүхий эдийн үнийг өсгөнө. Дотооддоо арьс ширээ боловсруулах үйлдвэртэй болно” хэмээн ярьдаг нь бодит байдал дээр хэрэгждэггүй. Цаасан дээр хараар журам гаргаж хэн ч чадна. Бодит байдал дээр байгаа нөхцөл байдалтайгаа уялдуулж гаргах нь чухал. Адуун сүргийн тоо гэхэд л гурван сая хол давсан. Гэтэл түхий эдийг боловсруулах цэг, үйлдвэр нь дутмаг. Энэ салбарт хайргүй хүмүүс сайд болсоор байгаагийн баталгаа нь өнөөдрийн түүхий эдийн үнэгүйдэл юм” гэв.
Х.БААТАР:МАНАЙ УЛСАД БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР УС АГААР ШИГ ХЭРЭГТЭЙ
“Эмээлт” захын ченж Х.Баатар бидэнд ийн ярилаа. Тэрбээр мөн “Үйлдвэр авч байгаа гэвэл үхрийн арьс байна. Нядалгааны сэвгүй том үхрийн арьс 15 мянган төгрөгийн үнэд хүрч байна. Харин адууны ширийг 8000-1000 төгрөгөөр үйлдвэр нь авдаг. Сүүлийг нь 6000-7000 төгрөгөөр авч байна. Манай агуулахад гэхэд бүтэн жилийн турш авсан шир, дэл сүүл хадгалаатай байна. Малчид малаа төхөөрөхдөө хутгаар өвчдөг учраас маш их зүсэлттэй ирдэг. Ийм арьсыг урагшаа гаргахгүй бол дотооддоо ашиглах үйлдвэргүй. Тиймээс хог дээр хаягдаж байна. Адууны сүүлийг угааж гаргах хэрэгтэй гэдэг нь буруу. “Эмээлт” бол усгүй газар. Бид үйлдвэргүй учраас угааж чадахгүй, хадгалаад өмхийрүүлж байгаа юм. Тиймээс түүхий эд боловсруулах үйлдвэр манайд ус агаар шиг хэрэгтэй байна. Угааж байгаа үйлдвэр нэртэй газрууд бий ч дорвитой ажиллахгүй юм. Усанд дүрээд гаргаад авч байна. Үүнийгээ угааж гаргаж байгаа гэж сүртэй яриад байгаа болохоос бодит байдал дээр ийм зүйл байхгүй. Бодитой зүйл ярих хэрэгтэй байна. Зөвхөн ганц хоёр хүн энэ салбарт ашигтай ажиллахын тулд ийм бодлого гарсан гэж бодож байна. Монголын арьс шир үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Д.Баярсайхан гэж хүн бий. Энэ хүн чинь “Их зам транс” ХХК”-д хөрөнгө оруулалт хийгээд ганц энэ компани нь хятад руу түүхий эдийг гаргаж өндөр үнээр борлуулж байна. Монголчууд өөрсдөө угааж байна гэдэг. Энэ бол худлаа. Дэл сүүлээ угааж чадахгүй байна. Адууны дэлийг нууцаар түүхийгээр ачдаг. Дэлний ханш 5500 байна. Ийм тогтоол гараагүй байхад дэл нэг килограмм нь 15 мянгад хүрч байсан. Одоо уначихсан. Төр засаг малчдаа ер бодохгүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сайхан ярьсан хүмүүс л байна. өөрөөр хийж байгаа юм алга. Бид нар арьс ширний холбоонд энэ асуудлаар хүсэлт гаргахад олигтойхон шиг ченжээ хий. Өөр юм байхгүй гээд авч хэлэлцээгүй. Миний хувьд “Эмээлт” зах дээр 20 гаруй жил болж байна. Хятад руу тогтмол түүхий эдээ гаргаж байх үед адууны шир 45-50 мянгад хүрдэг байлаа. Цагаан адууны шир 80-90 мянган төгрөгийн үнэд хүрдэг байсан цаг өдгөө түүх боллоо. Ийм ханштай байсан түүхий эдийг буруу бодлого гаргаснаас болоод үнийг нь навс унагааж хог болгож байна” хэмээн халагласан юм. Үнэхээр “Эмээлт” захад очсон хэний ч нүдэнд түүхий эд хог болж байгаа нь тун ч тодорхой харагдана. Нээрээ л ченжүүдийн хэлж байгаачлан үеийн үед малдаа хайргүй сайд нар энэ салбарыг удирдаад байсан бололтой.
Эх сурвалж: "Үндэсний шуудан" сонин