Соёлын дурсгалт зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг илрүүлжээ
Монгол Улсын иргэн Б нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр төмөр зэвсгийн түрүү үед хамаарах түүхийн хосгүй үнэт, дурсгалт зүйл байж болзошгүй хүрэл тогоонуудыг хууль бусаар худалдан борлуулахыг завдсан үйлдлийг Тагнуулын ерөнхий газраас шуурхай илрүүлэн, үйлдэл дээр нь таслан зогсоож соёлын биет өвийг хууль бусаар хилээр гарах, бусдад худалдагдахаас урьдчилан сэргийлж, тус хэргийг харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүллээ.
Тухайн үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд заасан “Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах” гэмт хэргийн шинжтэй бөгөөд “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн хуульчилсан. Дашрамд дурдахад, эртний үеийн соёлын биет өв болох хүрэл тогоо нь бүтнээрээ олдож байсан тохиолдол урьд өмнө байгаагүй бөгөөд дээрх олдвор нь төмөр зэвсгийн түрүү үеийн судалгаанд нэн чухал ач холбогдолтойг мэргэжилтнүүд онцолжээ гэж Тагнуулын ерөнхий газраас мэдээллээ.
Эх сурвалж: Тагнуулын ерөнхий газар
|