“ОйлГОЁ-ХҮНдэлье” аянд “Монгол цэргийн нэгдсэн холбоо“ НЭГДЛЭЭ
Цагдаагийн байгууллага гэр бүлийн хүчирхийллийн хор уршгийн талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлж, гэр бүлийн харилцааны сөрөг хандлага, хүчирхийлэгч болон хүчирхийлэлд өртөгчийн зан төлөвийг өөрчлөх, эерэг мэдээлэл өгч хүчирхийллийг үл тэвчих нийгмийн хандлагыг төлөвшүүлэх зорилгоор энэ оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 15-ны өдөр хүртэл “ОйлГОЁ-ХҮНдэлье” урьдчилан сэргийлэх арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд дэлхийн 180 гаруй улс жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг нэгдмэл зорилго, нэг уриан дор тэмдэглэн өнгөрүүлдэг. Монгол Улс тус аяныг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллагуудтай хамтран 21 дэх жилдээ зохион байгуулж байна.
Энэхүү аяны зорилго нь хөвгүүд, эрчүүдийн оролцоог хангах замаар охид, эмэгтэйчүүдийн эсрэг үйлдэгдэж буй аливаа хүчирхийллийн эсрэг хөдөлгөөнд нэгдэж, хэзээ ч “хүчирхийлэл үйлдэхгүй, хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй” хэмээн цагаан тууз зүүж илэрхийлдэг.
Цагдаагийн байгууллага нь “Монгол цэргийн нэгдсэн холбоо” ТББ-тай хамтран гэр бүлийн хүчирхийллийн талаарх ойлголт, хор уршиг, “Цагаан туузтаны аян”-ы талаар Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллага болох Зэвсэгт хүчний Жанжин штаб, Дотоодын цэргийн штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчдад мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.
Арга хэмжээний хүрээнд дээрх байгууллагын алба хаагч, ажилтнууд охид, эмэгтэйчүүдийн хүчирхийллийн эсрэг зохион байгуулж байгаа арга хэмжээнд нэгдэж, хамтран ажиллахаар болсон байна.
Эх сурвалж: ЦЕГ-Урьдчилан сэргийлэх хэлтэс
|