“АМЬ ТОРГООГЧ”
Алх цохихын өмнө шүүгч юу боддог бол. Эсвэл бусдын амьдралыг бодох ч үгүй “Монгол Улсын нэрийн өмнөөс...” уншчихдаг болов уу. Энэ асуултад хариулт хайн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийг зорилоо.
Надад амьдралаа яриад суух шүүгч олох тун бэрх. Хэрэг, зорилгоо учирласаар тус гурван шүүхийн тамгын газрын дарга Д.Одхүүгийн өрөөнд оров.
“Манай шүүхийн байрны орчин нөхцөл хүндхэн. Америктэй зүйрлэх юм биш. Анх намайг томилогдож ирэхэд дулаан тун бэрх өрөөндөө даараад, халаагуур залгаад суудаг байлаа. Хөөцөлдөж байж өнгөрсөн жил дулааны шугамаа засварлуулсан” хэмээн хэнэггүй яриа өрнүүлсэн хээгүй даргын өрөөнөөс нэгэн шүүгчтэй уулзаж ярилцах зөвшөөрөл аваад гарлаа.
Дараа нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Болдбаатарын өрөөнд орвол “Миний зүгээс тусламж хэрэгтэй юу” хэмээн мөн л таатай хүлээж авснаар ажил бүтэв. Дараагийн өрөө Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэгийнх...
“Шүүгчийг бурхан л гэж хардаг байлаа”
“Саяхан л шүүгчийн туслах хийгээд гүйж явсан даа. Хэдий нь 17 жил өнгөрчихөж ээ” гэж уяралтайхан өгүүлснээ өнгөрч одсон олон өдрийг товчлох мэт тэр санаа алдав.
“Дөнгөж сургуулиа төгссөн, 22 настай жаахан охин анх шүүхийн хаалгыг татан орж байлаа. Би нарийн бичгээр 5, шүүгчийн туслахаар 5 жил тус тус ажиллаад шүүгч болсон. Шүүгчээр ажиллаад долоон жил болжээ. Анх нарийн бичиг байхдаа шүүгчийг бурхан л гэж хардаг байлаа шүү дээ /инээв.сур/. Хар нөмрөгөө өмсөөд л хаа холоос ирж явааг нь харахаар сандарна, сүрдэнэ. Шүүхийн нарийн бичиг байхдаа 100 хүрэхгүй мянган төгрөгийн цалинтай. Түүнээсээ шимтгэл, суутгалаа төлөөд гар дээр 77 мянган төгрөг л авдаг байсан санагдах юм. Тухайн үед ганц бие ч байж, цалингаа үрж бардаггүй байлаа. Нарийн бичгээсээ Улсын дээд шүүхийн иргэний хэргийн шүүгчийн туслахаар очсон доо” хэмээн шүүгч Л.Одончимэг шүүгчийн туслахаас шүүгч болох хүртэл туулсан он жилүүдийг дурсав.
Шүүн таслах үйл ажиллагааны ачааны хүндийг нарийн бичиг, шүүгчийн туслахууд үүрдэг. Ингэж ачааны хүндийг үүрэлцсэн туслахууд замдаа шантарчихгүй л бол уйгагүй хөдөлмөрийн үр шимд “шүүгч” хэмээх шагнал тэднийг хүлээж байдаг. Тэр шантралгүй ажилдаа дурласаар долоон жилийн өмнө шүүгч болж төрсөн нутгаасаа ажлын гараагаа эхлэхээр хөдөөг зорьжээ. Ингэж 10 гаруй жил амьдарсан их хотоо орхиж орон нутгийг зорьсон шигээ томилолт өвөртлөсөөр тун саяхан эргээд ирж. Хүн амын төвлөрөл ихтэй хотын дүүргүүдийн шүүх байгууллагуудын шүүгчийн ажлын ачаалал хэрээс хэтэрч "амь торгоох” байдлаар хөдөө орон нутгаас тусламж хүсч томилолтоор шүүгч авчирч ажиллуулж буй аж. Эдгээр “амь торгоогч”-дын нэг нь Л.Одончимэг шүүгч.
Шүүгч өвдөх, үхэх ч эрхгүй
Шүүхийн ерөнхий зөвлөлд 2019 онд нийслэлийн шүүхүүдээс нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал огцом нэмэгдсэн, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл алдагдахад хүрсэн гэх үндэслэлээр шүүгчийн орон тоо нэмэгдүүлэх, шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай санал, хүсэлт давхардсан тоогоор 160 гаруй иржээ.
Шүүхийн ерөнхий зөвлөл эдгээр санал, хүсэлтүүдээс нэн тэргүүнд орон тоог нэмэгдүүлэх, нөхөн бүрдүүлэлт хийх зайлшгүй хэрэгцээ шаардлага үүссэн байдлыг харгалзан нийслэл, дүүргийн шүүхүүдэд орон нутгийн шүүхүүдээс 31 шүүгчийг 3 сарын хугацаатай томилолтоор ажиллуулж байгаа юм байна.
“Хөдөө, орон нутагт шүүхийн ачаалал харьцангуй бага. Шүүх хуралдаануудын шалтгаан нөхцөл хөнгөн байх нь элбэг тул өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх нь ховор. Тийм болохоор би цайныхаа цагаар гэртээ хариад гялс хоолоо идчихээд ирдэг байлаа. Гэтэл хотод цайндаа орохгүй суусаар орой хурлаа завсарлуулах тохиолдол цөөнгүй байдаг. Тэр хэрээр нийслэлийн шүүгч нар ачаалал даагаад сурчихсан байдаг юм билээ" хэмээн хот, хөдөөгийн шүүгчдийн ажлын ачааллын ялгааг тодотгов.
Энэ шүүхийн ойр хавиар цайны газар тун ховор. Хотын төв рүү орж хооллох гэхээр цаг зав хомс тул зэргэлдээх өрөөнд жижигхэн гал тогоог шүүгчид тохижуулжээ. Энэ гал тогоондоо “амьдрал” буцалгаж, ихэнх өдрүүдэд гэрээсээ хоол хийж авчраад халааж иддэг гэнэ. Үүнийгээ эрүүл зөв хооллолт гэж баясна.
Нийслэл, дүүргийн шүүхүүдийн ажлын ачаалал хэвийн хэмжээнээс бараг 1 дахин өссөн үзүүлэлт гарчээ. Шүүгч ажлын өдөр тогтмол уртасгасан цагаар зарим тохиолдолд амралтын өдрөөр ч ажилладаг байна. Энэ нь эрүүл хүний физиологиос давчихсан ачаалал болох нь судлаачдын ажиглалт, туршилтаар нотлогджээ
Ялангуяа, дүүргийн шүүхийн шүүгчдийн ажлын хэт их ачаалал нь биеийн болон сэтгэл зүйн эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байгааг судалгаагаар тогтоосон байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс энэ онд "Шүүгчид үзүүлэх сэтгэл зүйн үйлчилгээний хэрэгцээ шаардлага, нөхцөл боломж” судалгааг хийжээ. Судалгааны үр дүнд шүүгчдийн 91 хувь нь сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай гэж үзсэн байна. Тодруулбал, нийт шүүгчдийн тавиас дээш хувьд нойргүйдэх, толгой өвдөх, амархан ядрах шинжүүд, дөчөөс дээш хувьд санаа зовних, байнга ажлаа бодох, уурлах бачимдах гэх мэт стрессээс үүдэлтэй сэтгэл зүйн шинжүүд илэрчээ.
Ханиад хүрч халуурсан ч эмчид ханддаггүй. Цүнхэндээ үргэлж эм авч явж түүгээрээ өвчнөө намдаачихдаг гэж Л.Одончимэг шүүгч ярив. Орон тооны дутагдал, ажлын ачааллаас болж өвдөх, үхэх ч эрхгүй ажиллаж буй хүмүүс бол шүүгч аж. Шүүгч нар эрүүл мэнд нь аргагүйдсэн шатандаа очиход л Шүүхийн ерөнхий зөвлөлд хандаж чөлөө хүсдэг байна.
Шүүгч өндөр цалинтай л гэнэ. Гэвч хүн л юм хойно өвдөнө, зовно. Ажлаа хийж яваад амь насаа алдах, хавдраар өвчлөх, тархи зүрхний өвчлөл, үр зулбах, хөдөө орон нутагт ар гэрээсээ хол ажилладаг шүүгчид амралтын өдрөөрөө ирж яваад осолд орох мэтчилэн амь нас, эрүүл мэндийн асуудал яривал хүндрэл их юм.
“Зам тээврийн осол хүнийг хайр найргүй гэмтээдэг. Сүүлийн үед асфальтан зам тавигдах хэрээр зам тээврийн осол маш их нэмэгдэж байна. Нөхөр маань “Хүүхдүүдээ санаад байна” гээд долоо хоног бүр хотруу ирдэг. Тэндээс гарах бүрт нь би санаа зовнино. “Одоо хаана явна” гээд л цаг тутам залгана. Тэгэхгүй л бол муу юм болчих юм шиг санагдаад байдаг. Манай хүн хурдаа хэтрүүлэхгүй, зөрчилгүй явлаа гэхэд өөрөөс нь шалтгаалахгүйгээр өөр хэн нэгэн ирээд осол гаргачихдаг тохиолдол маш их тул үргэлж айдаг” хэмээн Л.Одончимэг шүүгч ярилаа.
Ажлын ачааллаас гадна өөр олон асуудал шүүх байгууллагад бий. Аль ч орны шүүхийн байр, байгууламж сүрдэм, гайхам байдаг. Харин манайд эсрэгээрээ. АНУ-д шүүгч дөрвөн туслахтай байдаг бол манайд ганцхан туслахтай. АНУ-д шүүгч нар хэд хэдэн өрөөтэй байдаг бол харин манай улсын нийслэлийн нэг дүүргийн хоёр шүүгч жижигхэн өрөөнд хамт сууна. Шүүгч, шүүгдэгчтэй огт ойртохгүй тусдаа хаалгаар шүүх хурлын танхим руу орж гардаг бол манайд шүүх хурал дуусмагц шүүгдэгч, шүүгч хоёр нэг хаалгаар уралдаж гарна.
Ямартаа л “Нэг шүүх хурлын дараагаар шүүгдэгч хэргээ хүлээхгүй “Би чамайг ална” гээд л дайраад байсан. Яг тухайн үед хаалга чиглэн хажуугаар нь гарахдаа “цохиод авах вий” гэж их айж билээ” хэмээн Л.Одончимэг шүүгч ярьж суухав.
Аливааг “Амьдралд энэ байтугай юм тохиолдоно” гэж хүлээж авдаг
Бидний яриа улам алсарч анхны шүүх хурал, амьдралын зовлон жаргалын тухай хөвөрлөө.
“Орон нутагт шүүгчээр очоод хамгийн анх нэг иргэнд захиргааны шийтгэл оногдуулсан. Олон жил нарийн бичиг, шүүгчийн туслахаар ажиллаж шүүх хуралдааны “галуун тогоо”-нд чанагдаж ирснийх анхны шүүх хуралдааны явцад сандраагүй. Харин хамгийн анх долоо хоногийн баривчлах шийтгэл оногдуулах тогтоол дээр гарын үсэг зурахдаа нэлээд бодсон. Хүний эрх чөлөөг долоо хоног хязгаарлана гэдэг маш том шийтгэл шүү дээ. Би гарын үсэг зурахгүй өрөвдөөд явуулчихвал эргээд л ирнэ гэж бодсон хэр нь эмээж эмээж гарын үсэг зурж байлаа. Энэ миний санаанаас огт гардаггүй юм. Үүнээс хойш олон ч хэрэг шийдэж, гарын үсэг зурж дээ.
Шүүгч хүн хатуу, өөрөөрөө байх мөн чанаргүй болчихдог юм билээ. Хэн нэгний гайхаж, балмагдаж, айж сандарч байгаа зүйлийг хүртэл “Амьдралд энэ байтугай л юм тохиолдоно” гэж хүлээж авах жишээтэй. Шүүх хүнийг тэгж л төлөвшүүлдэг. Энэ хэрээр хүүхдүүд маань хүртэл адилхан өсч, төлөвшөөд байх шиг санагддаг. Бага байхад хариуцлагатай зарчимч хүүхдүүдийг багш ангийн дарга болгочихдог доо. Тэгсэн манай том охин Дундговьд байхдаа ангийн дарга байсан, сая хотод шилжиж ирээд ч удалгүй ангийн дарга болчихож. Багш нь “Танай охин их зарчимч. Ангийнхнаа “чи тэгж болохгүй, чи тэг. Үдийн цайгаа уухдаа хүртэл ам дамжуулж асгаж цутгахгүй шүү ангийнхаан” гээд сурган хүмүүжүүлдэг болохоор нь ангийн дарга болгочихсон гэнэ. Тэгэхээр анзаардаггүй ч миний ажил, мэргэжлийн онцлог гэр бүл минь хүртэл нөлөөлдөг бололтой юм” ажлын онцлог, амьдралын сонин сайхан хуваалцав.
Нийслэлийн шүүхийн ачаалал хөнгөвчлөхөөр Л.Одончимэг хотод хүүхдүүдийн хамт ирсэн бол түүний хань орон нутагтаа ажлаа хийгээд үлджээ. Ханиасаа хол хоёр хүүхэдтэйгээ бүхнийг болгохоор бүсгүй ганцаар зүтгэсээр. Өдөр нь шүүгчийн ажлаа хийгээд, орой хариад ээжийн ажлаа үргэжлүүлнэ...
Өглөө маш эрт босч хоёр хүүхдийнхээ өдрийн цайнаар идэх хоолыг нь бэлдэж өгснөөр түүний шинэ өдөр эхэлнэ. Дараа нь өөрийгөө бэлдэж ажил руугаа яарна. Орой хүүхдүүдийн хичээл 18.00-.19.00 цагийн үед тарна. Заримдаа шүүх хурал тарахгүй удна. Энэ тохиолдолд эгчийгээ гуйж хүүхдүүдээ гэрт нь хүргүүлэх зэргээр болгоод л байгаа гэнэ.
Хүүхэд хохирох бүрт зүрх шимширдэг
Шүүгч бол нийгмийн толь. Тиймээс эмзэглэж явдаг зүйлийн тухай асуувал “Хүүхэд хохирогч болно гэдэг хамгийн аймшигтай. Гэр бүлийн хүчирхийлэл, бага насны хүүхдийн хүчирхийлэл бүрт зүрх шимширдэг. Бас оюутнууд цэнгээний газар хамгаалагчаар ажиллах тохиолдол элбэг. Хөөрхийс сургалтын төлбөрөө олох гэж ажил хийж байгаад л залуу насны ааг омгоор согтуурхсан нэгнийг цохиод авсан байна. Яахав амь нас хохирч, бусдын эрүүл мэндэд ноцтой хохирол учраагүй хамар хугарсан зэрэг гэмтэлтэй, хоёр тал эвлэрээд ороод ирдэг ч насан туршид нь гэмт хэрэгт холбогдож байсан гэдэг тодорхойлолт дагна гэдэг харамсалтай. Амьдрал баян, адаглаад л гадагшаа сургуульд сурахаар виз мэдүүлэх болж, цагдаагийн тодорхойлолт авахад хэрэгт холбогдож байсан гэх хар тамга гараад ирнэ. Тиймээс залуучаад хайран санагддаг. Ийм тохиолдлоор хэрэгт холбогдсон залууст “Чи эрүүл, тэр согтуу” гэдгийг ухамсарлах хэрэгтэй гэдгийг үргэлж хэлдэг юм” хэмээлээ.
Ийнхүү хар нөмрөгтэй, хүрч боломгүй оргил адил санагддаг байсан шүүгчтэй өнөөдөр харин дулаан яриа өрнүүлж суухад “бидний л ижил хүн юм” гэх бодол эрхгүй төрж суусан. Тэднийг нийгэм даяар өндөр цалинтай гэж шүүмжилнэ. Гэсэн ч хэрээс хэтэрсэн ажлын ачаалал дундаас толгой өндийх завгүй суух тэд ч бас робот биш, хүн.
Л.Одончимэг шүүгч өнөөдөр оройтвол хүүхдээ хэнээр хичээлээс нь авахуулах, хариад ямар хоол хийх тухай бодол тээж яваа...
Г.Тэгшсүрэн
Эх сурвалж: shuud.mn
|