Сэлэнгэ аймагт хүүхдийн эрхийг зөрчсөн ЗӨРЧЛИЙН хэргийг бууруулахад анхаарч ажиллаж байна
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас Зөрчлийн тухай хуульд заасан хүүхдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой зөрчлийн гаралтыг судлажээ. Хүүхдийн эрхийг зөрчсөн зөрчил тус аймагт 2018 онд 45 бүртгэгдэж шалгагдсан бол 2019 оны 10 дугаар сарын байдлаар 37 болж 17.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Хүүхдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой зөрчлийн хэрэг материалыг судлахад баяр ёслолын үеэр гэр орондоо архидан согтуурдаг, архинаас хамааралтай хүмүүсийг гэртээ авчирдаг, хүүхдийг хууран мэхэлдэг, айлган сүрдүүлдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, эцэг эх асран хамгаалагч нь насанд хүрээгүй хүүхдүүдийг хот, суурин газраас алслагдмал газарт харгалзах хүнгүйгээр орхиж явдаг, хүүхдэд тавих анхаарал дутмаг, хүүхдүүд харилцан бие биенийхээ эрх чөлөөнд халдсан, чөлөөт цагаа өнгөрөөх газар байдаггүй, эцэг, эхийн хараа хяналт сул байгаа нь зөрчил гарахад голлон нөлөөлжээ.
Энэ төрлийн зөрчил нь ихэвчлэн ахуйн хүрээнд гардаг, далд аргаар үйлдэгддэг учир хохирогчийн бие махбод, сэтгэл зүйд хүнд хор уршиг учирч зарим тохиолдолд тухайн асуудлыг шалгаж шийдвэрлэх явцад аюулгүй байдал, нэр төрийн баталгаа, хувийн нууцыг нь хамгаалах зэрэг олон талын хамгаалалт хөндөгдөж байна.
Зөрчлийн улмаас 2018 онд 1, 2019 онд 3 хүүхэд сэтгэл санааны цочролд орж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бол энэ хугацаанд бэлгийн хүчирхийлэлд өртсөн 3 тохиолдол илэрчээ.
Сэлэнгэ аймгийн прокурорын газраас судалгаанд үндэслэн хүүхдийн эсрэг зөрчлийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор тус аймгийн төвийн 6 цэцэрлэгийн эрхлэгчдэд, ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн хүүхдүүдэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр яриа таниулга хийн, гэмт халдлагаас өөрийгөө хэрхэн хамгаалах, өөрийн биеийн нандин, нууц хэсгүүдэд бусдыг зөвшөөрөлгүй хүрэхийг хориглож сурахыг голчлон тайлбарлаж, хүүхдийг бага наснаас нь бусдыг хайрлаж, энэрэх, хүндэтгэх сэтгэхүйг төлөвшүүлэх, багшдаа итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх зорилгоор “Хайр түгээе” зурагт мэндчилгээ тараах зэрэг ажлуудыг хийгээд байна.
Дээрх судалгааны явцад дунд, ахлах ангийн 120 орчим хүүхдүүдээс санал, асуулгын хуудсаар судалгаа авч нэгтгэсэн бөгөөд судалгааны дүн, тогтоогдсон нөхцөл байдлын талаар аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлд танилцуулга хүргүүлж, хамтран ажиллах талаар санал тавьжээ.
Эх сурвалж: СЭЛЭНГЭ АЙМГИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР
|