Цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд сургагч багш бэлтгэв
Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн “Шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, олон нийтийн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулж, авлигын эсрэг боловсролыг дээшлүүлэх” зорилтыг хэрэгжүүлэх чиглэлээр төлөвлөсөн “Авлигын эсрэг сургалт, сурталчилгаа явуулах сургагч багшийг бэлтгэх, чадавхжуулах, мэргэжил арга зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэх” арга хэмжээний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын хэмжээнд буюу улсын хэмжээнд 9880 цагдаагийн албан хаагчид авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт явуулах, сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг Цагдаагийн ерөнхий газартай хамтран 2019 оны 11 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Олон нийтийн төвд зохион байгууллаа.
Сургалтад цагдаа, дотоодын цэргийн анги байгууллагын 21 аймаг болон нийслэлийн нийт 65 цагдаагийн алба хаагч хамрагдаж, сургалтын явцад “Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа”, “Авлигын шалтгаан нөхцөл, хор хөнөөл”, “Ашиг сонирхлын зөрчил, түүнийг зохицуулах хэрэгцээ, үндсэн зарчим, механизм”, “ХАСУМ-ийн бүртгэл, хяналтын тогтолцоо”, “Албан тушаалтанд тавигдах хориглолт, хязгаарлалт: Нийтлэг зөрчил дутагдал ба анхаарах асуудал”, “Ашиг сонирхлын зөрчлийг мэдэгдэх, тайлбарлах нь”, “Авлигын гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх нь: Цагдаагийн албан хаагчид холбогдох өргөдөл, гомдол, зөвлөмж, мэдэгдэл”, “Шударга байдлын үнэлгээ: Цагдаагийн байгууллага”, “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын төсөөллийн судалгаа: Хууль сахиулах байгууллага дахь эрсдэл”, “Захиргааны ерөнхий хууль ба иргэдийн оролцоо”, “Төрийн албан хаагчийн ёс зүй: зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “ХАСХОМ, анхаарах асуудал”, “Цагдаагийн байгууллагын ёс зүй, шударга байдал”, “Байгууллагын соёл, сонирхлын зөрчлийг зохицуулахад байгууллагын үүрэг” зэрэг сэдвээр хичээлийг бүтэн 2 өдрийн турш зааж, дасгал ажил хийлгэх, тодорхой кейс дээр ажиллуулж, сургалтын төгсгөлд сорилын шалгалт авлаа.
Сургагч багшаар бэлтгэгдсэн цагдаагийн албан хаагчдад “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвээр сургагч багш бэлтгэх сургалтад хамрагдсантай нь холбогдуулан гэрчилгээ олгов.
Цаашид сургагч багш нар хариуцсан байгууллага дээрээ авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сургалт сурталчилгааны ажлыг тогтмол зохион байгуулж, Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс сургагч багш нарыг чадавхжуулах, мэдээлэл, мэргэжил, арга зүйгээр хангаж ажиллана.
Эх сурвалж: АТГ
|