“ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” ӨНӨӨДӨР тохиож байна
Хүний дархлал хомсдлын вирус, Дархлалын олдмол хомсдолтой тэмцэх дэлхийн өдөр буюу “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр” өнөөдөр тохиож байна.
Хүний дархлал хомсдлын вирусээр /ХДХВ/ хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээж, улмаар үхэлд хүргэдэг энэ өвчний талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын гишүүн улс орнууд 1988 оноос эхлэн “ДОХ-той тэмцэх дэлхийн өдөр”-ийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлсээр ирсэн юм. Жил бүр эл өдрийг цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тусгасан янз бүрийн уриан дор тэмдэглэдэг. 2019 оны 12 дугаар сарын 1-ний энэ өдрийг дэлхий дахин "Дэлхийн хамтын нийгэмлэг өөрчлөлт хийж байна" сэдвийн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.
ДОХ-той тэмцэх олон улсын бэлгэ тэмдэг бол өвөрмөц хэлбэрээр нугалсан торгон тууз буюу "улаан тууз" юм. Энэхүү бэлгэдлийг 2002 онд 48 настайдаа ДОХ-оор нас барсан Америкийн зураач Фрэнк Мур 1991 оны 4 дүгээр сард бүтээжээ.
2018 онд ХДХВ-ийн халдвар авсан хүний тоо 37.9 сая болж нэмэгджээ. Үүний 36.2 сая орчим нь насанд хүрсэн хүмүүс бол 1.7 сая нь 15 хүртэл насны хүүхдүүд аж. Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, Нигери, Энэтхэг, Мозамбик, Кени зэрэг улс ХДХВ-ийн халдвартай хүний тоогоор тэргүүлж байна.