ФОТО: Иргэний андгай өргөх ёслолд 850 сурагч оролцлоо
Монгол Улс анхдугаар үндсэн хуулиа баталж, тусгаар тогтносон, бүрэн эрхт, Бүгд найрамдах Улс мөн гэж тунхаглан зарласнаас хойш эдүгээ 95 жилийн ойтойгоо золгож байна. Энэхүү түүхт өдрийг тохиолдуулан нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн 850 сурагч өнөөдөр Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээнд оролцлоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүд, албаныхан оролцлоо.
Уламжлалын дагуу дээрх ёслолыг 17 дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм.
Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх тангараг өргөж буй хүүхдүүдэд Үндэсний эв нэгдлээ сахин хамгаалахыг захиад “Бүгд найрамдах улс тунхагласны 95 жилийн ойн түүхэн өдөр иргэний андгай өргөж, иргэний үнэмлэхээ гардаж буй сурагчдад эх орныхоо төлөө хийж бүтээх, ололт амжилт, хариуцлагыг хуваалцах бүрэн эрхт иргэн болж байгаад баяр хүргэе” гэлээ.
Эх орны ирээдүй хойч болсон хүүхэд, залуусын гарт Монгол Улсыг хөгжүүлэх боломж байгааг Баянгол дүүргийн 77 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Н.Уянга андгай өргөж буй сурагчдыг төлөөлөн индрээс хэлсэн үгэндээ онцлов.
Ийнхүү Төрийн ордны Их танхимд цугласан 850 сурагч “Эртний их түүхт Их Монгол Улсын ирээдүй хойч, Монгол Улсын иргэн би
Монгол төрийнхөө сүр хүчийг сүлдлэн дээдэлж
Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг батлан хамгаалж
Монгол иргэнийхээ нэр төрийг өндөрт өргөн
Бүрэн эрхт ард түмнийхээ итгэлийг даан
Их түүх, эрх чөлөөнийхөө эзэн нь байж
Эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж
Их соёл, зан заншлаа өвлөн дэлгэрүүлж
Энх тайван, амар амгаланг эрхэмлэн дээдэлж
Их засаг, хууль ёсоо чанадлан сахиж
Үнэнч шударга, цэвэр ариун, оюун төгс, хөдөлмөрч хичээнгүй иргэн байхаа
Их төрийнхөө дор андгайлж байна” хэмээн андгай өргөлөө.
Сонирхуулахад, Энэ онд Монгол Улсын 42 мянга 822 иргэн 16 нас хүрч, иргэний үнэмлэхээ гардаж авсан юм.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|