СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зарим нутгаар цас орж, явган шуурга шуурна
Өнөө шөнө төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна.
2019 оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг цаг агаарын урьдчилсан төлөв:
27-нд Хангай, Хөвсгөлийн уулсаар, 28-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 28-нд Алтайн салбар уулсаар, 29-нд зарим газраар, 30-нд говь, тал хээрийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна. 28-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна гэж Ус, цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.