Сураггүй болсон иргэнийг зургаа дахь өдрөө эрэн хайж байна
Хээр машин нь эвдрээд нэг нь тусламж дуудаад иртэл машинд үлдсэн нөгөө хүн нь сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Онцгой байдлынхан, нутгийн иргэд, ар гэрийнхэн нь алга болсон иргэнийг зургаа дахь өдрөө хайж байна
Тодруулбал, Төв аймгийн Жаргалант сумын Буурал багийн “Өлийн даваа” гэдэг газар аймгийн Жаргалант сумаас Цээл сум руу 11.16-ны өдрийн 11:00 цагт “Галлопер” загварын суудлын автомашинаар иргэн У, Б нарын зорчиж яваад автомашин нь эвдэрч зогсчээ. Улмаар 13:00 цагийн орчимд тус автомашины жолооч У нь иргэн Б-г /40 настай, эрэгтэй/ автомашиндаа үлдээж, өөрөө Цээл сум руу тусламж дуудахаар яваад маргааш нь буюу 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчим буцаж ирэхэд иргэн Б сураггүй алга болсон байжээ.
Хүн алга болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 23:59 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгчээ. Тус аймгийн Цагдаагийн газрын Жаргалант сум дахь Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд, ар гэрийнхэн, Цээл сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчид гээд нийт 28 хүн, 7 автомашинтайгаар нийт 77 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.
Эрлийн үйл ажиллагааг өнөө өглөө буюу арваннэгдүгээр сарын 22-ны 08:00 цагт дахин эхлүүлжээ.