ЦАГ АГААР: Ихэнх нутгаар энэ сарын 22-ноос хүйтний эрч чангарна
Маргааш өдөр Завханы нутаг, Увсын зүүн өмнөд хэсгээр цасан шуурга шуурч, Говь-Алтайн нутаг, Ховдын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Маргааш өдөр баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 22-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг уур, орчны шинжилгээний газар малчид, иргэд, тээвэрчдэд анхаарууллаа.
Энэ сарын 22-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ сарын 22-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орж, цасан шуурга шуурна. Салхи 22-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр, 23-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулс, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24 градус, Хангай, , Хэнтэйн уулархаг нутаг, Эг-үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.