Б.БАТЗОРИГ: Нийслэлийн долоон дүүрэгт хүүхэд хохирсон гэмт хэрэг буурсан үзүүлэлт гарсан

2019 оны 11 сарын 20

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзоригтой ярилцлаа.

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал ямар байна вэ?

Статистик мэдээллийг гэмт хэрэгт холбогдон шалгагдсан болон хохирсон гэсэн 2 үндсэн үзүүлэлтээр авч үздэг. Нийслэлийн хэмжээнд 2019 оны эхний 10 сарын байдлаар хүүхэд холбогдсон гэмт хэргийн нөхцөл байдал өссөн үзүүлэлттэй байгаа бол хүүхэд гэмт хэрэгт өртөж хохирсон нь өмнөх оны мөн үеэс 84 нэгжээр буюу 8,6 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Ихэвчлэн ямар гэмт хэрэгт хүүхдүүд өртөж хохироод байна гэвэл хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хулгайлах болон дээрэмдэх гэмт хэрэгт өрдөж байна. Тэгвэл хулгай, дээрмийн гэмт хэргийн халдлагын зүйл нь эцэг, эхчүүдийн хүүхдэдээ авч өгсөн ухаалаг утас. Дүүргээр нь авч үзвэл Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй болон алсын гурван дүүрэгт хүүхэд хохирсон гэмт хэрэг буурчээ. Нэг анхаарал татаж байгаа үзүүлэлт нь насанд хүрээгүй хүний эсрэг хүчиндэх гэмт хэрэгт хүүхэд хохирсон нөхцөл байдал 20 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн сургуулийн орчимд хүүхдийн эсрэг гэмт хэрэг буурсан байна.

Хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар ажлууд зохион байгуулж байна вэ? Ямар үр дүн гарсан гэж бодож байна?

Цагдаагийн ерөнхий газар болон эрх бүхий бусад байгууллагатай хамтран Нэг хором, Зөв тусгал, Яараад яахав дээ, Дураараа биш Дүрмээрээ зэрэг арга хэмжээг зохион байгуулсан бол Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр улирал бүр “Илрүүлэлт-2019”, “Цахим тоглоом” зэрэг хэсэгчилсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний үр дүнд хараа хяналтгүй байж болзошгүй 100 гаруй хүүхдийг улирал бүр илрүүлж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулж байна. Хэрэв энэ хүүхдүүд хараа хяналтгүй гудамж талбайд ажиллаж, амьдарч, хоноглож байсан бол хичнээн хүүхэд нь гэмт хэргийн хохирогч, золиос болж, хэд нь гэмт хэрэг өдүүлж явахыг таашгүй шүү дээ. Эцэг, эхийн хайр халамжинд байх ёстой хүүхдүүд хамгийн аюулгүй амар тайван байх орчиндлл байж чадахгүй байгаа учраас л гадуур яваад байна гэсэн үг. Бид цаашдаа Улаанбаатар хотын гудамж талбай, траншейнд нэг ч хүүхдийг хоног төөрүүлэхгүй хүүхдийн байгууллагад нь хүлээлгэн өгч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд хамруулах болно. Энэ бол энэ хүүхдүүдийн төлөө хийж байгаа урьдчилан сэргийлэх ажлын нэг хэлбэр шүү дээ. Үүн дээр Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газартайгаа нягт хамтран ажиллаж байгаа.

Мөн сургуулийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах Сургуулийн эргүүл төсөл амжилттай хэрэгжиж 5-6 жилийг өнгөрөөжээ. Одоо тэгвэл сургуулийн хашаанаас 100 метрээс цааш буюу сургуулиас гэр, гэрээс сургууль хоорондын гудамж, талбайд хүүхдийн аюулгүй байдлыг хангах ажил чухал байгаа учир Хүүхэд хамгаалагч төслийг туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа. Энэ ажлыг амжилттай зохион байгуулвал дахиад эерэг үр дүн гарна гэж найдаж байгаа.

Хүүхдийн эрхийн тухай конвенцийн 30 жилийн ой болж байна Эрүүгийн хууль болон үүнтэй холбоотой хууль тогтоомжид хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаархи эрх зүйн зохицуулалт ямар байна вэ?

Хүүхдийн эрхийн конвенцтэй холбогдуулан би ганц л зүйлийг хэлье. Эрүүгийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 буюу бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг байна. Энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад 70-80 хувь нь ойрын төрөл садан, хойд эцэг, нэг гэрт амьдарч байгаа хүмүүстээ, 10-20 хувь нь үл таних болон зүс таних хүмүүст хүчиндүүлсэн байдаг. Ураг төрлийн хүчингийн гэмт хэргийг мөрдөн шалгахад хүүхдээс мэдүүлэг авах, хүүхдийг оролцуулсан зарим тодорхой ажиллагааг явуулахад өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч нарыг заавал 3-ууланг нь хамт байлцуулах эрх зүйн зохицуулалттай. Гэтэл үүнийг хэрэгжүүлэхэд хууль ёсны төлөөлөгч болох ээж нь хүчирхийлэгчийн талд орчихдог тохиолдол цөөнгүй байна. Иймд хүүхдийн байгууллагуудад хандаж хууль ёсны төлөөлөгч томилон оролцуулж байгаа боловч завал энэ 3 хүн хамтдаа нэг дор цугларч байж хохирогч хүүхдээс мэдүүлэг авахад амьдрал дээр эдгээр хүмүүс нь олдохгүй, цагтаа цуглахгүй гэх мэтийн асуудал гарч байна.

Хохирогч хүүхдийг хүчирхийлэгчээс тусад нь хүүхдийн байгууллагад байлгалаа гэхэд 7 хоногоос илүү байлгах боломжгүй гэдэг ч юмуу, хүүхэд нь өөрөө эргээд гэртээ харимаар байна гэх мэт асуудал гардаг.

Ураг төрлийн хүчин бол доод тал нь 3-6 сарын дараа, нэг жилээс дээш хугацааны дараа илрэхдээ 10-20 хувь нь жирэмсэн болж илэрдэг. 70-80 хувь нь найз нөхөддөө хүчирхийлүүлснээ хэлж тэр нь багш болон өөр бусад хүнд ам дамжин хуулийн байгууллагад мэдэгддэг тохиолдол байна.

Хүчирхийллийн хохирогч хүүхэд ойрын хүндээ хүчиндүүлсэн бол үүнийгээ гэрийнхэндээ хэлж чаддаггүй юмаа. Иймд энэ төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгахад мэргэшсэн өмгөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, хууль ёсны төлөөлөгчийг багаар нь ажиллуулах эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна. Аль нэг дүүрэг дээр хэрэг бүртгэгдлээ гэхэд энэ баг нь хохирогч хүүхдийн эрх ашгийг хамгаалах зорилготой хуулийн байгууллагатай хамтран ажиллах хэрэгтэй байна. Цаашид энэ чиглэлээр эрх зүйн зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй байна. Ерөнхийдөө бол Монгол Улс Хүүхдийн эрхийн конвенцоор хүлээсэн үүргээ биелүүлж цаасан дээр харагдах хуулиндаа нийгмийн бүх орчинд хүүхдийг хүчирхийллээс хамгаалах зохицуулалттай болсон. Тэгвэл одоо төрийн байгууллага, хувийн аж ахуйн нэгж бүрт хүүхэд хамгааллын бодлого, эцэг, эхчүүдийн хандлага, мэдлэг, сэтгэлгээг нь өөрчлөх ухуулга, нөлөөллийн ажил арга хэмжээ, хэрэгтэй байна. 

Эх сурвалж: Өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610722
1 эможи

keyboard_arrow_up