А.ОТГОНБААТАР: Улаанбаатар хотын ундны усны аюулгүй байдлыг бид сахин хамгаалдаг

2019 оны 11 сарын 20

Arslan.mnМонгол Улсынхаа аюулгүй байдлын төлөө албаа хариуцлагатайгаар хааж буй, чимээгүй баатруудын нэг Дотоодын цэргийн 805 дугаар ангийн сургагч ахлагч А.Отгонбаатартай ярилцлаа.

Таны хувьд цагдаагийн байгууллагаас ажлын гараа эхэлсэн гэж байсан. Энэ талаар яриагаа эхлүүлье?  

Би багаасаа л цагдаа болно гэж боддог байсан. Ер нь эрэгтэй хүүхдүүд багадаа тэгж л боддог байх. Манай гэр бүлд цагдаагийн албаны нэг ч хүн байхгүй. Би л ганцаараа энэ албыг сонгож дурлаж орсон доо. Анх шалгалт өгөхөд намхан болохоор цагдаагийн академид тэнцэхгүй байсан. Гэтэл тэр үед шалгалт авч байсан ахлах дэслэгч н.Доржсүрэн “Өндөр байна гээд сайн цагдаа болдоггүй, намхан байна гээд муу цагдаа болдоггүй юм. Наад залуугаа ав” гээд би тэнцэж байлаа. Хоёрхон санжметр намхан учраас хасагдах гэхээр их гомдолтой санагдаж билээ. Тэгээд тэр хүний ачаар тэнцсэндээ маш их баярлаж байсан.  2000 онд Цагдаагийн академийн анхан шатны сургалтыг төгсөж цагдаа болсон. Цагдаагийн байгууллагад найман жил зүтгэж, сүүлд 2008 оноос эхлэн дотоодын цэргийн 805 дугаар ангид эргүүлчин ахлагч, жижүүрийн туслах зэрэг ажлыг хийж байгаад одоо сургагч ахлагч албан тушаалыг хашиж байна.

Дотоодын цэргийн онцлог нь юу вэ?

Дотоодын цэрэг бол үндэсний аюулгүй байдал, онц чухал обьетуудыг сахин хамгаалдаг цэргийн тусгай байгууллага. Миний хувьд энэ ангид, энэ хамт олны дунд  ажиллаж байгаа минь хамгийн зөв алхам гэж боддог. Одоо ажиллаж байгаа албан тушаал бол ахлагч нарын нийгмийн асуудал, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлүүлэх, тэдэн рүү  чиглэсэн ажлыг голдуу хийж байна. Тэдэнд хүрч, тулж ажиллах, тэдний асуудлыг шийдвэрлэж ажиллах нь миний үүрэг.

-Сургагч ахлагчийн орон тоо бусад ангиудад ч гэсэн байдаг уу. Алба хаагч руу чиглэсэн ажлыг хариуцана гэдэг их чухал байх?

-Сургагч багшийн алба ганцхан манай 805 дугаар ангид л байна. Ангийн 80 орчим хувийг ахлагч нар эзэлдэг учраас энэ бүрэлдэхүүнүүдийн сахилга хариуцлагыг сайжруулах, албаны мэдлэг, ур чадваруудыг сайжруулах, тэдний мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, ар гэрт нь тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, тайван ажиллах нөхцлийг нь хангуулах, ахлагч бие бүрэлдэхүүний саналыг ангийн захирагчид уламжлах, шийдвэрлэх гэсэн ажлыг хийдэг. Улсын онц чухал обьектын найдвартай байдлыг тасралтгүй хангаж үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчид энгийн зүйлд санаагаа чилээхгүй, ажлаа хийж байх үедээ ажлынхаа төлөө л санаагаа чилээдэг байх нь миний албаны гол зорилго юм. Би хамт олныхоо дэмжлэгтэйгээр алба хаагчидын мэдлэгийг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх үүднээс номын санг тохижуулсан. Мөн манай нэг алба хаагч маань хүндээр өвчлөхөд бид туслах үүднээс ТББ-тай хамтран урлагийн тоглолт хийж тухайн алба хаагчийнхаа хагалгааны зардлыг гаргасан. Одоо хагалгаанд орсон алба хаагч маань эрүүл болоод албаа гүйцэтгээд явж байгаа. Миний хувьд алба хаагчидынхаа дунд байж тэдэндээ тус болоод ажиллах нь сайхан байдаг. Ахлагч бүрэлдэхүүний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд манай ангийн нийт бие бүрэлдэхүүн, удирдлагууд нааштайгаар хүлээж авдаг. Энэ дашрамд Дотоодын цэргийн албаны нийт бие бүрэлдэхүүн, удирдлагуудад бидний ажлыг үргэлж л дэмжиж ажилладагт талархал илэрхийлье.

-Та мэргэжлийнхээ юугаар нь хамгийн их бахархдаг вэ?

-Дотоодын цэргийн 805 дугаар ангийн хувьд Улаанбаатар хотын иргэдийн цэвэр усны аюулгүй байдлыг бие дааж хангадаг. Гэртээ очоод л бид шууд крантаа нээгээд хоол цайгаа хийдэг шүү дээ. Ямар ч эргэлзээгүйгээр, айдасгүйгээр усаа уудаг, хүнсэндээ хэрэглэдэг. Тийм учраас бид өөрсдийнхөө мэргэжлээр маш их бахархдаг. Үүнээс гадна Нийгмийн эрүүлмэндийн хүрээлэн, ХӨСҮТ-ийн лабораторуудыг хамгаалж байна. Хэн нэгэн этгээд санаатайгаар вирус тараавал энэ хотод  тэр чигээрээ өвчинд нэрвэгдэх аюултай.  Стандарт хэмжил зүйн газрыг мөн хамгаалж байна. Бас л хэн нэгэн этгээд цагийн зүүг өөрчилчихвөл бүх зүйлд өөрчлөлт орж наад зах нь л гэхэд дээгүүр нисч байгаа онгоцнууд хоорондоо мөргөлдөх, гэрлэн дохионууд ч гэсэн доголдоно гэсэн үг л дээ. Энэ мэт олон аюулаас дотоодын цэргийн алба хаагчид чимээгүй зүтгэсээр л байдаг. Энэ бол миний бахархал. Манай хамт олон өдөр бүр л сайн ажилладаг.

-Хүчний байгууллагад олон жил зүтгэжээ. Харин энэ хугацаанд авч байсан гавъяа шагналаасаа сонрхуулахгүй юу?  

-Би Цагдаагийн албаны төлөө 2, 3, хамгийн олон гэмт хэрэг илрүүлсэн цагдаа, Дотоодын цэргийн албаны төлөө, Дотоодын цэргийн хүндэт тэмдэг гэх мэт шагналуудаар шагнагдаж байсан.

-Хамгийн олон гэмт хэрэг илрүүлсэн цагдаа гэх шагналыг авсан байна. Ер нь цагдаагийн байгууллагад ингэж идэвхи зүтгэлтэй ажиллаж байгаад яагаад Дотоодын цэргийн албыг сонгох болов?

-Цагдаагийн албаны Эргүүл хамгаалалтын албанд эргүүлийн цагдаагаар ажиллаж байхдаа жилд 20 орчим гэмт хэрэг илрүүлж энэхүү шагналын эзэн болж байлаа. Тэгээд тухайн үед ээлжийн ажил хийх шаардлага гарч энэ албанд орсон. Тухайн үедээ дотоодын цэргийн тухай ойлголт багатай. Худаг дээр манаач хийгээд зогсож байдаг гэж боддог байсан. Харин энэ албанд ороод хамгийн хариуцлагатай ажил юм байна гэж боддог болсон. Би 17 жил цагдаагийн албыг хаасан. Цэрэг болоод хоёр жил л болж байна. Улсын онцгой объектыг нүд цавчилгүй харж, хамгаалж байдаг дотоодын цэрэгтэйгээ нэг хамт олон болж ажиллаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж боддог доо.

Гэр бүлийн хүний хувьд таны ажил мэргэжлийг хэрхэн хүлээж авдаг вэ? 

Цагдаагийн байгууллагад ажиллаад дараа нь цэргийн хүн болно гэхэд их гайхаж хүлээж авсан. Харин ээлжийн ажилд ороод цаг нартай ажиллаад ирэхээр гэр бүлдээ гаргах цаг ч нэмэгдэж тэд маань ч гэсэн их баяртай байх болсон. Миний хувьд ч ажиллах нөхцөл сайжирч илүү л их мэргэжилдээ дуртай болсон. Энэ дашрамд ирэх онд болох Дотоодын цэргийн 805 дугаар ангийн 85 жилийн ой, 2022 онд болох дотоодын цэргийн түүхт 100 жилийн мэндийг нийт бие бүрэлдэхүүн, ангийн хамт олон, 805 дугаар ангийн удирдлагууддаа хүргэмээр байна.

-Ярилцсанд баярлалаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

                            

Эх сурвалж: өдрийн сонин 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610720
10 эможи

Зочин
2019-11-20 11:31
keyboard_arrow_up