Төрийн албаны ерөнхий шалгалт маргааш орон даяар эхэлнэ
Төрийн албаны ерөнхий шалгалт энэ сарын 16-ны өдөр Улаанбаатарын цагаар 09:00 цагт улс орон даяар нэгэн зэрэг эхэлнэ.
Ерөнхий мэдлэгийн шалгалтыг
- Нийслэлд 16-17-ны өдрүүдэд,
- 21 аймагт 11 дүгээр сарын 16-ны өдөр,
монгол хэл, бичгийн чадварын шалгалтыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 19-ний өдөр,
дүн шинжилгээ хийх чадварыг нийслэл болон 21 аймагт 11 дүгээр сарын 21-ний өдөр тус тус аймаг, нийслэлийн салбар комисс зохион байгуулна.
Төрийн албаны тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор төрийн албанд орох иргэдэд тавих шалгуур, нөхцөл өөрчлөгдсөн юм. Иймд төрийн албаны ерөнхий шалгалтыг гурван чиглэлд буюу ерөнхий мэдлэг, монгол хэл, бичгийн ур чадвар, дүн шинжилгээ хийх чадварыг нь шалгах юм.
Тэнцсэн иргэд төрийн албаны нөөцөд бүртгүүлэхээс гадна эрэлттэй байгаа ажил, мэргэжилд орох боломжтой аж.