УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад 2 жилийн ЯЛ ОНООЛОО
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өдөр 14.30 цагаас эхэлж, 22.30 цаг хүртэл үргэлжилж, дөнгөж сая шийдвэрээ гаргалаа.
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар нийт хоёр жилийн хорих ял оноов.
Хэргийг эргэн сануулахад, Д.Гантулга өмнө нь иргэн Ч.Н гэх эмэгтэйг хүчирхийлсэн гэх хэрэгт холбогдон шалгагдсаны улмаас УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Хэрэг 2017 оны зургаадугаар сарын 12-нд үйлдэгдсэн. Үүнээс хойш жил гаруй хугацаанд шалгагдаад 2018 оны есдүгээр сарын 12-нд шүүх хурал болсон юм. Шүүх хурлаар зайлшгүй шалгах ёстой зарим зүйлийг шалгаагүй байна үндэслэлээр хэргийг буцаасан. Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байх явцад энэ оны нэгдүгээр сард Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст УИХ-ын гишүүн асан Д.Гантулгын нэр дээр дахин гомдол ирсэн. Нийслэлийн прокурорын газраас гомдлыг хянаад гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл байгаа учраас уг хэрэгт нь мөн яллагдагчаар татсан байдаг.